Уртын дууны гүнж Б.Батцэцэглэнгийн өдөр

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 3 Сарын 6

Өнгөрсөн амралтын өдөр Шангрилад олон түмэн хуран чуулж нэгэн түүхэн үйл явдын гэрч боллоо. Уртын дуучин Б.Батцэцэглэн өөрийн “Шүтээн”, “Ээнэгшин жаргая” хос цомгийн өдөрлөгөө хийж бичил тоглолт тавьсан юм. Урд хожид дуучид Шангрилад цомгийн нээлт хийж байгаагүй. HiFI records шинэ салбарын нээлтэндээ дуучин Б.Батцэцэглэнг онцолсон нь үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх нэр хүндтэй үйлст дусал нэмэр болох гэснийх биз.

Б.Батцэцэглэн монголын уртын болон ардын дууны урлагт хүч түрэн орж ирж байгаа чадварлаг уран бүтээлч. Дэлхий дахин түүний дуулахыг анирдан сонсож “Марко Поло”-д урьсан мэдээлэл амнаас ам дамжин түгсэн билээ.

Данзанравжаагийн нутгийн энэ үзэсгэлэнт бүсгүй үйлэнд уран гэж жигтэйхэн. Өөрийн нэрийн үндэсний хэв маягт хувцас урлалын салонтой төдийгүй тоглолтын бүхий л хувцас хэрэглэлээ өөрөө оёж өмсдөг гэдгээрээ дуучин бүсгүйчүүдээс онцгойрдог. Тэр бас цэвэр “ориг” төрхтэй монгол бүсгүй гэдгээрээ шагшигддаг. Монгол бүсгүйн 21 шинж бүрдсэн онцгой нэгэн.

Орчин цагт зүгээр л хөөрхөн сайхан байх хангалтгүй болжээ. Унаган төрхөө хадгалахын зэрэгцээ үндэсний өв соёлт зүйлсээ өөрөө гардаж хийдэг бүтээлч бүсгүйчүүд олноос онцгой байх болсон. Б.Батцэцэглэн ардын уртын дуу дуулаачид дундаа дээгүүрт бичигдэж байгаа төдийгүй түүнийг залуу Норовбанзад гэж дуу алдацгаах болсон байна. Цаг үе болгон өөр өөрийн баатруудтай. Хэсэгтээ нэг хэвэнд цутгачихсан юм шиг адил төстэй дуучдаар дүүрээд байсан бол одоо шинэ салхи салхилж эхлэх нь ээ.