“Цензургүй”-гийн дараагийн бай нь АТГ-ын дарга

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 3 Сарын 11

/Сэтгүүлч бол яллагч биш/

Сэтгүүлч бол нийгмийн түүчээ байх ёстой гэж сэтгүүлзүйн зарим онолчид хэлдэг юм. Түүчээ гэдэг нь мэдээлэл түгээх, дамжуулах, түүгээрээ нийгмийг сэнхрүүлдэг, ухуулдаг байх учиртай гэсэн утгатай юм л даа.

Бүр “Оюун санааны түүчээ” гэдэг ухагдахуун бий.

Уг нь энэ их цагаахан тодорхойлолт, зорилт юм.

Гэвч нэг талаар энэ маш буруу юм байна гэдгийг зарим нэг жишээ тодорхой харуулж байна.

Олон нийт мэдэж байгаа. “Цензургүй” яриа, эсвэл сурвалжлага гэдэг нэвтрүүлгээр хэн нэгнийг “намнадаг”, араас нь хууль хяналтынхан, бүр төр засаг хүртэл давхиж ороод гавлаад,битүүмжлээд явдаг тогтолцоо өнөөдөр үйлчилдэг боллоо.

Жирийн нэг сэтгүүлчид хэзээ ч олдохгүй баримт “Цензургүй”-д олддог. Хэрвээ баримтгүй бол жирийн сэтгүүлчийн хэзээ ч хэлж чадахгүй үгийг “Цензургүй” хэлж чаддаг.

“Цензургүй”-д ингэж хэлүүлсэн, гөвүүлсэн албан тушаалтан, аж ахуйн нэгж бол дуусаа л гэсэн үг.

Эндээс нь харвал “Цензургүй” өнөөдрийн төр засгийн эрхэнд гарсан зарим хүний чиглэл үүргийн дагуу ажилладаг, төрийн өндөрлөгүүдээс арай доохнуур, хууль хяналтын байгууллагаас арай дээхнүүр төрийн нэг институци болж таарах гээд байгаа юм. Гоёор хэлбэл, албан бус өндөр статустай төрийн мэдээллийн агентлаг гэж болно.

“Цензургүй” өнөөдөр /2019.3.11./ нэг нэвтрүүлэг цацна. Үхтэл нь зарлаж байна. Бараг нэвтрүүлэг гарахаас нь өмнө өнөөх муу Ерөнхий прокурор, АТГ-ын дарга хоёрыг “амь тавиулчих” янзтай.

Товчхондоо өнөөдөр “Цензургүй”  АТГ-ын дарга Х.Энхжаргалыг намнана.

Үнэндээ АТГ-ын даргыг УИХ-ын дарга асан М.Энхболдынд очсон бичлэг, М.Энхболд бид хоёр хар залуугаасаа танил болсон гэж өөрөө хэлсэнтэй нь уяж тоглох сценари өнөөдөр явна гэсэн үг.

За, тэгээд хов жив, цуу үг мэт дээрхийн адил ах дүү, хамаатан саданг нь оролцуулж, өөрийг нь хэдэн жилийн өмнө тэгсэн байна, ингэсэн гэсэн мэдээллүүд мэдээж хөвөрч таарна.

Хамгийн гол нь Х.Энхжаргалын одоо хийж байгаа АТГ-ын даргын ажилтай холбоотой алдаа дутагдлыг тэнд өгүүлж чадахгүй.

Чадахгүй гэсний учир нь АТГ хэрхэн ажиллаж байгааг харах хэрэгтэй.

АТГ сар бүрийн 25-ны өдөр олон нийтэд мэдээлэл өгдөг. Тэр мэдээллийг олон нийтээрээ хүлээж авдаг болоод удаж байна.

Нийгмийг бухимдуулж байгаа, төрийн хөрөнгийг хумсалсан албан тушаалтан бүр тэнд шалгуулж байна.

Алдарт “60 тэрбум”, ЖДҮ-гийн хэрэг, “Эрдэнэт”-ийн 49, 51 хувийн асуудлууд гээд бүгд бий. Эдгээрийн дунд Оюутолгойн асуудал ч багтаж байгаа. Оюутолгойн ордыг ашиглаад Монголд өгөх татвар түрээсээ өгөөгүй бараг их наяд гаруй төгрөг /маш их мөнгө/-ийг АТГ-ын мөрдөн шалгалтын явцад төлүүлэхээр болоод байгаа эх сурвалжуудын мэдээлэл бий. Бас Оюутолгойн гэрээг байгуулахдаа дундаас нь халаасаа түнтийлгэсэн асуудлаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар шалгуулж л байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч байсан, Ерөнхий сайд байсан, сайда асан хүмүүсийг шалгана гэдэг амаргүй ажил гэдгийг хууль хяналтын байгууллагынхан хэлдэг. Гэвч ажил үүрэг нь учраас шалгаж л таардаг.

Ийм байдлаар Х.Энхжаргалын үед “Яг энэ хэргийг дараад, хэрэгсэхгүй болгоод гаргачихлаа” гэсэн хэл ам гарч байсныг мэдэхгүй юм.

Харин дээр хэлсэнчлэн “Х.Энхжаргал бол М.Энхболдын хүн” гэдэг PR л яваад байгаа юм. Энэ PR-ыг хүчтэй явуулж байгаад АТГ-ын даргын албан тушаалаас нь л буулгах гээд байгаа хэрэг.

Арынх нь хүн тодорхой болчихсон, удахгүй чуулганаар хэлэлцүүл гэж ЕТГ-аас УИХ руу бичиг илгээсэн аж.

Х.Энхжаргал өөрөө хэлдэг юм билээ. “Энэ ажлыг авах гээд байгаа бол хуулийн дагуу ав аа” гэж. Насаараа хууль дагаж амьдарсан, ажилласан албан хаагч ингэж л хэлэх учиртай.

Ер нь бол энэ төр засгийн өнгөн дээр хийж байгаа реформын шинжтэй ажлууд бол зөв. Олон жил зөв, буруу нь мэдэгдэхгүй явж ирсэн элдвийн асуудлыг шалгаж тогтоогоод гэмгүй бол цагаатгаж, гэмтэй бол хариуцлагыг нь үүрүүлээд явуулах ёстой.

Бас нэг зүйлийг хэлэхэд АТГ-ын даргыг ийм аргаар “буудаж” унагаад ард нь болох хүний гарын үсгээр Ардын намынхан олон хүн АТГ-ын сэжигтэн, прокурорын яллагдагч, шүүхийн ялтан болох байх…

Мөн сэтгүүлч “Нийгмийн түүчээ” байж болно. Гэхдээ ийм “Нийгмийн оюун санааны түүчээ” байж болохгүй гэдгийг мэргэжлийнхэн байтугай, сэтгүүл зүйгээс хаа холын хүмүүс хэлээд эхэллээ шүү. Учир нь сэтгүүлч бол яллагч биш!!!

Эх сурвалж: news1.mn Д.Соронзонболд /Сэтгүүлч/