Д.Батбаяр: "Чингисийн үр сад" хэмээх сумочдын тухай кино хийж байна

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 3 Сарын 31

Кёкүшюзан Д.Батбаяр "Children of Chengis" буюу "Чингисийн үр сад" хэмээх сумочдын тухай кино хийхээр болжээ. Энэхүү киногоо Япончуудтай хамтарч хийж байгаа бөгөөд Токиогийн олимпийн өмнө нээнэ хэмээн төлөвлөж байгаа аж. 

Энэ талаараа өнөөдөр тэрбээр мэдээлэл өглөө. Кёкүшюзан Д.Батбаяр "Японд анхны Монгол сумоч байсны хувьд Чингисийн үр сад гээд сумогийн тухай уран сайхны кино Япончуудтай хамтарч хийж байна. Хамтран ажиллаж байгаа Япончууд маань өнөөдөр Монгол гэрт гэрээгээ хийе гэсэн хүсэлт тавьсны дагуу Монгол гэрт буюу өвөө, эмээ, аав ээжийнхээ амьдарч байсан гэрт гэрээгээ хийж байгаад баяртай байна. 

Бид кино гэхээр том холливудын хэмжээнд сэтгээд хөрөнгө мөнгөө хайгаад энд, тэндээс хандив цуглуулаад хамаг цагаа үрдэг байсан бол тийм биш. Япончууд хөрөнгө мөнгөө босгочихсон, монголчууд хамтраад ажиллах гэж байгаад таатай байна" гэлээ. 

Мэдээллийн дараа түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Энэхүү уран бүтээлд сумогийн холбоо хэр оролцоотой ажиллаж байна вэ? 

-Сумогийн холбоо зөвлөгөө өгөөд хамтарч ажиллаж байна. Сумогийн холбооны дүрэм журам маш нарийн байдаг. Тиймээс санамсаргүй алдаа гаргах вий гэсэн болгоомжлол байгаа учраас сумогийн холбоо зөвлөгөө өгөөд хамтарч ажиллаж байна. Бид кино хийхээр санхүүгийн асуудал чухал байдаг. Харин энэ кинонд Япончууд өөрсдөө хөрөнгө мөнгөө хангалттай босгочихсон. Энэ кино биелэлээ олоод гарснаар монголын тамирчдын нэр хүндийг дэлхийд өргөж, олимпийн өмнө монгол сумочид ямар их хүч хөдөлмөр гаргасныг харуулах боломжийг нь нээж өгөх болов уу гэж бодож байна.