Дэлхийн аварга, дээд амжилтын эзэн Ц.Раднаад байр бэлэглэв

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 4 Сарын 5

Польш улсын Торун хотноо хэдхэн хоногийн өмнө болсон Дэлхийн аварга шалгаруулах мастеруудын хөнгөн атлетикийн тэмцээнд хурдаа сорьж дэлхийн дээд амжилт тогтоож, 3 алтан медаль хүртсэн, 85 настай Ц.Раднааг Кёкүшюзан Д.Батбаяр “Сакура” олон улсын дунд сургуулийн спортын зааланд өчигдөр хүндэтгэн хүлээн авав.

Нийслэлийн ХУД-ийн Яармагт байрлах “Сакура” сургуулийн сурагчид монгол түмний бахархал болсон Дэлхийн аварга Ц.Раднаа гуайг уухайн түрлэг, нижигнэсэн алга ташилтаар угтсан юм. Тэрбээр, “Та бүхэндээ баярлалаа. Багачууд та нар ирээдүйд олон шинэ дээд амжилт тогтоож, өвөөгийнхөө энэ амжилтыг эвдэнэ гэдэг итгэл дүүрэн байна. Монголын үр сад та нар минь хамгийн хурдан тамирчид байж дэлхийн аварга болж, миний хүртсэн энэ эрхэм цолны эзэд болохыг хүсэн ерөөе” гэлээ.

“Сакура” сургуулийн сурагчдын хүсэлтээр Ц.Раднаа өвөө сурагчидтай ойрын зайн гүйлтээр уралдаж, хамтдаа зураг авахууллаа.

Тэрбээр тус уулзалтын дараа тус сургуулийн дэргэд барьж байгаа “Ханбогд ресиденс” хороололд очиж, барилгачидтай уулзсан юм. 

Энэ үеэр, Кёкүшюзан Д.Батбаяр болон Монгол Улсын заан Ч.Батзориг нар тус хорооллын хоёр өрөө байрны батламжийг дэлхийн аварга Ц.Раднаа гуайд гардуулсан юм. Ц.Раднаа “Би үнэхээр баяртай сайхан байна. Барилгачдын хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн энэ хүндтэй бэлгийг аваад талархаж байна. Өнөөдрийн миний энэ хичээл зүтгэл бол архи, тамхи хэрэглэхгүй байж, спортод ойр явсны ач тус. Би Туул голын эргээр байнга гүйж, Зайсан дахь Дайчдын хөшөөний шатаар өгсөж алхдаг. Энэ нь миний урт наслахын нууц байх. Залуучууддаа хандаж хэлэхэд, эрүүл чийрэг, заавал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гэртээ байхдаа ч ямар нэг дасгал хөдөлгөөн хийж заншаарай. Эрүүл байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе” гэв.

"Ханбогд ресиденс” хорооллыг энэ онд бүрэн ашиглалтад оруулна. Кёкүшюзан Д.Батбаяртай энэ үеэр уулзаж сэтгэгдлийг нь авсан юм. 

Тэрбээр, “Дэлхийн дээд амжилтын эзэн, дэлхийн аварга Ц.Раднаа гуай өөрөө биеийн тамирын багш хүн. Энэ хүн хүүхэд, залууст үлгэр дууриалал болсон гайхамшигтай амжилт гаргаж, монголчууддаа их урам зориг өглөө. Манай хамт олон түүнд өглөөдөө цэвэр сайхан агаарт, хатан Туулынхаа хөвөөгөөр гүйж байхыг бэлгэдэн барилгачдынхаа хөлс хүч, хөдөлмөр шингэсэн энэ сайхан хорооллын байрнаас бэлэг барьж байгаадаа туйлын баяртай байна. Бид анх удаагаа энэ хорооллоос байр бэлэглэж байгаа юм” гэлээ.

Нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад оролцож байгаа Кёкүшюзан Д.Батбаяр болон Монгол Улсын заан Ч.Батзориг нар хамтран 8 төсөл хэрэгжүүлж байгаагааас Яармагт “Ханбогд ресиденс” /2000 айлын 20 хэсэг барилга, орон сууц/, “Арцат апатмент”, “Арцат вилла хотхон” гэсэн 3 байгууламж, мөн 19 дүгээр хороололд 2 төсөл байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, 2019 оны мастеруудын ДАШТ-д 88 орны тамирчид өрсөлдсөнөөс Монголын 13 тамирчин оролцож, Ц.Раднаа гурван алт, Т.Цэрэндолгор нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн юм. 85-аас дээш насны ангилалд өрсөлдсөн Ц.Раднаа 400 метрт Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин дэлхийн аварга болохын зэрэгцээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр 60 метрийн саадтай гүйлт болон гурвын харайлтын төрөлд Итали, АНУ-ын тамирчдыг ялж, аваргын алтан медаль хүртсэн билээ.