УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 5 Сарын 2

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Пүрэв гаригийн чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Түр хорооны даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий  Түр хороо байгуулагдсан. Түр хороо өчигдөр  (2019.05.01) анхны хуралдаанаа хийж, хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалан явуулсан бөгөөд Түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Түр хорооны гишүүд гаргасан. Уг саналыг чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэх юм.

Хоёрдахь хэлэлцэх асуудал болох Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжсэн. Мөн Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг, дэд дарга Ц.Нямдоржийг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг байнгын хорооны  гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг өнөөдрийн  чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.