“Газрын харилцаа-2019” салбарын эрдэм шинжилгээний хурал боллоо

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 5 Сарын 6

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Газар зүй-геоэкологийн хүрээлэн, Монголын газар зохион байгуулагчдын холбоотой хамтарсан Газрын харилцааны салбарын мэргэжилтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ШУА-ийн харъяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж ШУА-ийн харъяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор А.Буянбаатар нар үг хэлж, оролцогчдод амжилт хүссэн бөгөөд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхимийн эрхлэгч, доктор, зөвлөх инженер С.Сайнбаяр, ШУА-ийн харъяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн газрын секторын эрхлэгч,  доктор Я.Баасандорж, ХААИС-ийн багш доктор, зөвлөх инженер Л.Уранбилэг нар хурлыг удирдан явууллаа.

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү хуралд бодлого тодорхойлогч байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, сургалт судалгааны буюу их дээд сургуулиуд хамтарсан байдлаар оролцож, газрын харилцааны салбарын судалгааны үр дүнг хэлэлцэж цаашид гаргах зөвлөмжөө нэгдсэн ойлголтоор гаргаж байгаа нь илтгэгч нарын оролцоо тал бүрийг хамарсан байгааг харуулж байна. Мөн Буриад улсын их сургууль болон ОУ-аас судлаачид оролцож байгаа нь манай хурал жилээс жилд өргөжиж байгаагийн илрэл болов уу гэж бодож байна хэмээн судлаачид онцлон ярьж байлаа.

Мөн хурлын зохион байгуулагчид болон судлаачдын зүгээс тус хурлын ач холбогдлын хувьд дараах 4 үндсэн хүчин зүйл дээр нэгдсэн шийдэлд хүрч институт хоорондын хамтын ажиллагааг сайжруулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.

  1. Газрын судлагдахуун, газрын харилцаатай холбоотой норм, дүрэм, аргачлалын асуудал
  2. Нөхөн сэргээлтийн технологийн асуудал
  3. Нэгдсэн мэдээллийн сантай болох асуудал
  4. Тохиромжтой байдлын нарийвчилсан үнэлгээ гаргах асуудал

Энэ жилийн хуралд 60 гаруй судлаачдын 35 бүтээл ирснээс Барилга хот байгуулалтын яам, ХААИС, МУИС, ШУТИС, Удирдлагын академи, Буриад улсын их сургууль, Буриадын хөдөө аж ахуйн академийн мэргэжилтэн, судлаачдын шалгарсан 22 илтгэлийг хэлэлцүүллээ.

Хурлын үйл ажиллагааг хааж БХБЯ, ГЗБГЗЗГ-ын дарга нар оролцлоо. Тус хурлаас гарсан санал зөвлөмжийг холбогдох төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлэхээр тогтоолоо.

“ГАЗРЫН ХАРИЛЦАА-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОГЧДООС ГАРГАСАН САНАЛ ЗӨВЛӨМЖҮҮД

             “ГАЗРЫН ХАРИЛЦАА-2019” эрдэм шинжилгээний хуралд оролцогч, эрдэмтэн судлаачид газрын харилцааны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар  эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгүүдээ танилцуулж салбар болон нэгдсэн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, дараахь санал зөвлөмжүүдийг төр засгийн удирдлага холбогдох газруудад хүргүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:

  1. Газар нутаг нь аливаа улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай төдийгүй газрын нөөц баялаг бол тухайн улсын эдийн засаг нь юм. Газар нь байгалийн бүхий л нөөц баялгуудын үндэс суурь болох тул газрын нөөцийг судлах, бүртгэх, төлөвлөх үйл ажиллагаанд мөрдөгдөх норм, дүрэм, заавар журмын өнөөгийн байдалд дүн шинжилгээ, судалгаа хийх, норм стандартыг боловсруулах ажлыг салбарын эрдэмтэн судлаачдын нөөц боломжид тулгуурлан үе шаттайгаар боловсруулан баталж хэрэгжүүлэх,
  2. Улсын хэмжээнд газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний нэгдсэн бодлого байхгүйгээс газар элэгдэл эвдрэлд орж, хог хаягдлаар газрын хөрс бохирдож байна. Бэлчээрийн даац хэтрэлт, байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн хөдөө аж ахуйн газрын ашиглалт хүнд нөхцөлд орж байна. Иймд газрыг нөхөн сэргээх дэвшилтэт арга технологиудыг турших, нэвтрүүлэх, судалгааны ажлуудыг төрийн бодлогоор дэмжих,
  3. Газар ашигласны төлбөр, газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны 30-аас доошгүй хувийг газар хамгаалах сан байгуулж газар зохион байгуулалтын болон газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах /Газар хамгаалах сангийн журмын төсөл боловсруулах/
  4. Газрын төлөв байдлын мэдээллийн санг боловсруулах, салбар дундын мэдээллийн санг байгуулах, мэдээлэл солилцох нөхцөл боломжыг бий болгох
  5. Газрын тохиромжтой байдлын үнэлгээний аргазүй аргачлалыг сайжруулах, сумын болон засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд том масштабын суурь мэдээллийг шинэчлэх судалгааны ажлыг үе шаттайгаар зохион байгуулах
  6. Газрын бирж, газрын мэдээллийн системд блокчейн технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх
  7. “ГАЗРЫН ХАРИЛЦАА” эрдэм шинжилгээний хурлын өгүүлэл авах журмыг шинэчлэх, өгүүлэлийн чанар, тавигдах шаардлагыг шинэчлэх, тус хурлыг төрийн дэмжлэгээр 2 жил тутам олон улсын хурал болгон зохион байгуулах зэрэг санал зөвлөмжийг хүргүүлж зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлж байна.