Хүүхдийн эрхийн асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг өргөн барив

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 5 Сарын 6

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.05.06) хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар өргөн барив. Уг албан бичигт Улсын Их Хурлын 22 гишүүн гарын үсгээ зурж, дэмжжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн нийт хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь хүүхэд байхдаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэсэн судалгаа гаргажээ. Үүний 12 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байхад дөнгөж гуравны нэг нь л хуулийн байгууллагаар шалгагддаг байна. Тус байгууллагын өөр нэгэн судалгаагаар хүүхдэд ээлтэй дэлхийн улсуудыг жагсаахад манай улс Пакистан, Бүгд Найрамдах Мозамбик Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс нарын хамтаар сүүлийн байрыг эзэлсэн байна. Мөн хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн мөлжлөгийн үзүүлэлтээр ч сүүлийн байрт орсоор ирснийг гишүүд хэллээ.

Иймд хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, бууруулах арга зам, цаашид авах арга хэмжээний талаар Нийтийн сонсголыг яаралтай зохион байгуулах, сонсголоос гарах санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, бодлогын баримт бичгүүдэд тусгуулах шаардлагын үүднээс уг албан бичгийг өргөн барьжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.