"Хүнээр хүн хийх Монгол ухаан" хүүхэддээ цаг гаргахаас эхэлдэг

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 5 Сарын 7

Орчин үед гар утас гээч зүйл хүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон байна. Хэрэгтэй бас хэрэггүй мэдээ мэдээлэл гээч зүйлсээр дүүрэн гар утсыг юугаар ч орлуулж болохооргүй хамгийн нандин зүйл болох гэр бүлээсээ илүүд үзэх болжээ. 

Өөрөөр хэлбэл, Өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг хэрнээ үлдсэн хэдхэн цагаа үр хүүхэддээ зарцуулж чаддаггүй. Ажлаа тарж гэртээ хариад нэг л их ядарч сульдсан аа гайхсан хүмүүс хүүхдүүдээ шуугилдлаа, үймүүллээ гэж загначихаад өөрсдөө утас компьютерээ ширтээд суучихдаг. Энэ бол өнөөгийн нийгмийн бодит үнэн.

Утастайгаа биш хүүхэдтэйгээ ойр бай, өөртэйгээ ойрхон өсгө. Түүнтэй ярилц, түүнийг дагуулаад яв. Эхэндээ энэ нь төвөгтэй мэт санагдаж болно гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам зөвхөн таны хүүхэд та хоёрын л мэдэх гайхалтай сайхан дурсамж бий болсон байх болно. Хүүхдэдээ элдвэ янзын тоглоом авч өгч хөрөнгө оруулалт хийснээс хамт байж аз жаргалтай дурсамжуудыг бүтээх нь түүнд хамгийн том хөрөнгө оруулалт байх болно. Энэхүү хөрөнгө оруулалт нь таны хүүхдийн ямар хүн болж төлөвших болон ирээдүйн карьертай нь шууд хамааралтай.

Үүний сөрөг нөлөөг биднээс анхаарал халамж хүлээж буй хүүхдүүд маань амсдаг. Тухайлбал,  "Эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг гаргахгүй бол хүүхдүүд хайр халамжаар дутагддаг. Эцэг, эхийн хайр халамж, анхаарлаар дутсан хүүхэд ирээдүйд нийгэмшихдээ асуудалтай болдог" гэдгийг хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлж байна. 

Хамгийн энгийн жишээ дурьдахад, Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Тухайн хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийн орчиндоо үл хайхрах хүчирхийлэлд өртсөн гэдгийг албаныхан онцолсон. 

Үүнийг уншаад та “Би хүүхдэдээ хайртай, юу гэж хүчирхийлэх вэ дээ” гэж бодож байна уу. Үгүй юм. Хэрэв та орой ажлаа тарж гэртээ очоод хүүхэдтэйгээ тоглодоггүй, цаг гаргаж ярилцдаггүй, ажлын стресс ядаргаанаасаа болоод хүүхдээсээ төвөгшөөдөг, хайр халамжаар дутаадаг бол та ч гэсэн өөрийн хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж буй "хүчирхийлэгч" юм.

Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээрээ дамжуулан нийт эцэг эхчүүддээ ХҮҮХЭДДЭЭ ЦАГ ГАРГАДАГ байхыг,  тэдний нууцлаг ертөнцийн үүд хаалгаар хэсэг ч болов шагайж ярилцдаг, дэмждэг, урамшуулдаг байхыг уриалж байна.

Мөн танд хүүхдүүдээ зөв сайхан хүмүүжүүлэхийг хүсч байвал "боль, болохгүй" гэж загнахаасаа урьтаад өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Үүний дараа хүүхэд тань таныг даган дууриаж байнга үглэхгүй байсан ч зөв хүмүүжилтэй болж өсөх болно. 

“Хүүхэд таныг бус та хүүхдээ ойлгох ёстой. Учир нь хүүхэд том байж үзээгүй. Харин та хүүхэд байж үзсэн...”

Учир нь хүүхдийн тань хувьд хамгийн шилдэг үлгэр жишээ нь та өөрөө байдаг. Тэд таны хэлсэн үг, хийсэн үйлдлийг хамгийн зөв зүйл гэж үзэж танд ихээр итгэдэг. Гэтэл таны үг, үйлдэл зөрж эхлэхэд хүүхэд тань алийг нь дагахаа мэдэхээ больдог. Өөрөөр хэлбэл, та хүүхдээ утсаар битгий оролд, боль болохгүй гэж загнадаг хэрнээ, өөрөө  зав л гарвал утас бариад суучихдаг бол хүүхдэд тань хэзээ ч "Би утсаар тоглож болохгүй" гэсэн бодол төрөхгүй. Харин ч яаж би энэ утсыг авч тоглох вэ гэсэн бодол л толгойд нь эргэлдэнэ.

Тиймээс Монгол Улсын ирээдүйн иргэдийг бэлдэж байгаа эрхэм эцэг эхчүүддээ маргаашнаас биш. Өнөөдөр. Яг одооноос эхлээд хүүхэддээ зөвөөр үлгэрлэж, тогтмол ярилцаж, аль болох олон цагийг хамт өнгөрөөхийг уриалж байна. 

Эцэст нь хэлэхэд, Хайранд өссөн хүүхэд зөв хүн болж төлөвшдөг бол үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхэд хүнийг хайрлаж мэддэггүй, харгис хэрцгий нэгэн болж хувирдаг байна. Өөрөөр хэлбэл, таны хүүхэд ирээдүйд хэн болох нь зөвхөн өнөөдрийн таниас л шалтгаалах юм.