Д.Сумъяабазар: Дүүргээс улсдаа тэргүүлсэн шилдэг залуус олон гарч байна

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 5 Сарын 13

УИХ-ы гишүүн Д.Сумъяабазарын санаачилга дэмжлэгтэйгээр жил бүр зохиож ирсэн “Шинэ алхам-2019” арга хэмжээ өнөөдөр 5 дахь жилдээ боллоо.

Ерөнхий боловсролын сургуулиа төгсч, амьдралдаа нэгэн шинэ алхмыг хийх гэж буй залууст улсын шалгалтаа амжилттай өгөх,  мэргэжлээ зөв сонгож, хүссэн сургуульдаа элсэхэд уг хөтөлбөр томоохон дэмжлэг болдог юм.

Нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрханы Ерөнхий боловсролын сургууль төгсч буй 1170 гаруй сурагчийг хамруулсан арга хэмжээг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар хамтран зохион байгуулав. Энэ үеэр хүүхэд бүрт уламжлал ёсоор өмнөх 3 жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын тест болон мэргэжлээ хэрхэн зөв сонгох, Монгол Улсад ойрын жилүүдэд ямар мэргэжил илүү эрэлттэй байх, тухайн сонгосон мэргэжлийн ажлын байрны хүрэлцээ хэр байх талаар заавар зөвлөмжийг багтаасан “Шинэ алхам 2019” номыг бэлэглэлээ.

“Шинэ алхам” арга хэмжээний үеэр дүүргийнхээ нийт дунд сургуулиа төгсч буй залууст хандан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Ирээдүй болсон залуус дүү нар маань их дээд сургууль, мэргэжлээ зөв сонгох чухал шийдвэрийг гаргах гэж байна. Та бүхнийг амьдралын чухал алхам болсон мэргэжлээ, ирээдүйгээ зөв сонгоосой, элсэлтийн шалгалтаа амжилттай өгөөсэй гэж хүсэн өнөөдрийн арга хэмжээг анх санаачлан, жил бүр зохион явуулдаг билээ” гэв.

“Шинэ алхам 2019” арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар харьяа тойргийнхоо шилдэг 6 сурагчийг өөрийн нэрэмжит шагналаар урамшуулав. Мөн УИХ-ын гишүүн Д.Гарамжав, Х.Нямбаатар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар сурах үйлсээр хамт олноо тэргүүлсэн сурагчдыг шагнаж урамшууллаа.

Арга хэмжээний үеэр хүүхэд залууст зориулсан урлагийн тоглолт болон Монголын шилдэг их сургуулиуд өөрсдийн танилцуулгаа сурагчдад өгч, сонирхсон асуултад нь хариулж байв.

Энэ үеэр “Шинэ алхам” арга хэмжээг анхлан санаачилсан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон тус дүүргийн төгсөх ангийн сурагчдын сэтгэгдлийг хуваалцлаа.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

-Анх санаачлан, жил бүр зохион байгуулж ирсэн “Шинэ алхам” арга хэмжээ маань маш үр дүнтэй болж, манай Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудаас элсэлтийн ерөнхий шалгалтандаа амжилттай оролцон, улсдаа шилдэг болсон залуус цөөнгүй төрөн гарсан. Мөн олон улсын олимпиадуудад манай дүүргийн сурагчид амжилттай оролцож байгааг харахад надад сэтгэл үнэхээр дүүрэн баяртай явдаг. Тиймээс ч би Сонгинохайрхан дүүргийнхээ залууст өндөр итгэл тавьдаг. Цаашид дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд олон гараасай гэж бодож байна.

СХД-ийн ЕБС төгсөгчид:

-Миний хувьд ирээдүйд эрэлттэй байх болон хувь хүнийхээ хувьд өөрийн сонирхлыг дагуулан мэргэжлээ сонгоно гэж бодож байгаа. Энэ үүднээсээ би хуулийн чиглэлээр суралцах хүсэлтэй байна. Мэргэжил сонгох болон, ЭЕШ-таа өгөхөд өнөөдрийн арга хэмжээ, тарааж байгаа ном маш их хэрэг болох юм.

-Миний хувьд орчуулагч мэргэжилтэй болохоор 7 дугаар ангиасаа эхлэн солонгос хэлийг судалж байгаа. Цаашид энэ хэлээ гүнзгийрүүлэн судлаж, орчуулагч болохыг хүсдэг.

-Би хуульч мэргэжлийг сонгон, эрх зүйгээр суралцахаар бэлтгэж байгаа. Өнөөдрийн арга хэмжээний үеэр сонгосон мэргэжлийнхээ хүрээнд томоохон сургуулиудын танилцуулгуудын мэдээллийг авахын зэрэгцээ, ЭЕШ-ндаа бэлдэхэд дөхөм болох гарын авлагатай болсондоо баяртай байна.