Дөрвөн настай хүүг хэвтэрт ортол зодсон гэх хойд аавыг шүүж байна

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 5 Сарын 29

Дөрвөн настай хүүг хэвтэрт ортол зодсон гэх хойд эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.05.29/ болж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны тавдугаар сарын 29-ний 10.00 цагт товлосон юм. Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хэргийг сануулбал, Баянгол дүүрэгт өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд 4 настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарсан. Хүү ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж хэд хэдэн удаагийн хагалгаанд орсон байдаг. Тодруулбал, хойд эцэг болох Б.Тодзаяа эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хүүгийн нүүр биеийг хөх эрээн болтол зодсон юм. Гуравдугаар сарын 13-нд ээж нь хөдөөнөөс ирснээр уг хэрэг ил болсон билээ.