“Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадын шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 6 Сарын 6

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга, дэмжлэгтэйгээр “Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадыг тав дахь жилдээ Баянхошуу бүсийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд амжилттай зохион байгууллаа. Өнөөдөр олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон юм.

Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хариуцсан мэргэжилтэн К.Алтынбек, Сантис төвийнсургалт хариуцсан захирал Карен нарын хүмүүс оролцлоо. Мөн олимпиадад оролцогчдоос гадна Баянхошуу бүсийн ЕБСургуулиудын захирлууд, 2018 оны тус олимпиадын ялагч М.Сүхбат, Б.Сарнай, Г.Цэвээнравдан нар хүрэлцэн ирсэн юм.

Арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Дэлхийд өрсөлдөх Монгол хүний салшгүй нэгэн үзүүлэлт бол гадаад хэлийг төгс сайн сурсан байх. Иймээс Баянхошуу бүсийн иргэдийн итгэлийг аван Улсын Их Хуралд сонгогдсон гишүүнийхээ хувьд залуусаа англи хэлийг төгс эзэмшихэд тус болох ёстой хэмээн үзэж хувь нэмрээ оруулахаар энэхүү төслийг санаачлан амжилттай хэрэгжин өнөөдрийг хүрээд байна.

Хэрвээ чи сайн ажил хийж тэр хэрээрээ үнэлүүлж тав тухтай сайхан амьдрах мөрөөдөлтэй бол, дэлхийн хүн байхыг хүсдэг л бол гадаад хэлийг төгс эзэмших зайлшгүй шаардлагатай. Иймээс залуус дүү нар та бүхэн “Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” төслөөс авсан мэдлэгээ суурь болгон илүү их хичээн суралцах учиртайг ахын ёсоор захих байна” гэлээ.

Олимпиадад Сонгинохайрхан дүүргийн 67, 74, 76, 104, 105, 121, 124-р сургуулийн төгсөх ангийн 350 орчим сурагчид оролцсон юм. Шалгаруулалтыг Монголын анхны гадаад хэлний сургалтын төвүүдийн нэг болох “Сантис” боловсролын төвийн англи хэлний мэргэжлийн багш нар нийтдээ дөрвөн үе шаттайгаар явуулсан юм. Ингээд нэгдүгээр байрт 67-р дунд сургуулийн сурагч М.Чинхүсэл, удаах байрт 104-р дунд сургуулийн сурагч Э.Билгүүн, гуравдугаар байрт 74 дүгээр дунд сургуулийн сурагч Б.Болортуяа нар шалгарч, Д.Сумъяабазар гишүүний тэтгэлгээр Сингапур улсад англи хэлний мэдлэгээ ахиулах зуны сургалтад хамрагдахаар боллоо.

Харин 4-10 байрт шалгарсан хүүхдүүд “Сантис” боловсролын төвд мөн 100 хувийн тэтгэлгээр сурах бол үлдсэн хүүхдүүдийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.

Энэ жилийн “Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадын II шатанд шалгарсан 100 хүүхдээс АНУ-аас битүүмжлэлтэй ирүүлсэн TOEFL junior-ын олон улсын битүүмжлэлтэй тестээр шалгалт авсан юм. Тестийн шалгалтаас шалгарсан эхний 20 хүүхдэд 2 жилийн хугацаатай олон улсын TOEFL junior-ын онооны сертфикат олголоо.

Жил ирэх бүр оролцогчдын чадвар сайжирч өрсөлдөөн ихтэй болж байгааг олимпиадыг зохион байгуулагчид хэлж байсан юм.