Хууль зүйн салбарын ХӨГЖЛИЙН дараагийн ШАТ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 9 Сарын 17

iLaw хууль зүйн цогц үйлчилээ үзүүлэх ухаалаг платформыг санаачлагч, Лигал сорс ХХК-ийн ТУЗ-ын дарга, хуульч Г.Батзаяатай уулзан ярилцлаа. 



Сайн байна уу.  Таньд өдрийн мэнд хүргэе.  Сүүлийн үед манайд хуулийн технологи, баримт бичгийн дижиталчлал автоматчлал гэж их яригдах боллоо. Энэ талаар санал бодлоо хуваалцаач?

Аж үйлдвэрийн хувьсгал буюу орчин үеийн нэршилээр технологийн 4-р хувьсгал бидний амьдралд чимээгүйхэн бас маш хүчтэй нэвтрэн орж ирж  байна.  Олон улсын технологийн болон судалгааны байгууллагуудаас ойрын 20 жилд бидний өнөөдөр хийж буй ажлын тал нь ямар нэг программ хангамж юм уу роботоор хийгдэх болно гэж ярьж, зөвлөж байна. Бид өнөөдөр өөрсдөө л анзаараагүй технологийн хялбарчлал, тусламжинд зарлахгүйгээр дасан зохицож зарим тохиолдолд үл салах байдлаар хэрэглэдэг болсон байна. Бүх мэдээллийг секунтын дотор авч байна, зээлийг утсаар шийдэж байна, хүнс хоолоо нэг товч дараад захиалдаг боллоо, хил хязгааргүй төлбөр тооцоогоо хийдэг, контент бүрийг 24 цаг үздэг боллоо шүү дээ. Өөрөөр хэлбэл бидний  өдөр тутмын дадал, зуршил, хоорондын харилцаа-амьдралын хэв маягт нөлөөлж байна. Хүний өдөр тутмын хэрэгцээ, шаардлагыг технологийн тусламжтайгаар шийдэж, тэр нь үр дүнтэй хариу үйлдэл үзүүлдэг болоод ирэхээр хүн бусад үйлчилгээ, хэрэгцээгээ бас яг тийм арга, хэлбэрээр авахыг хүсч эхэлдэг. Энэ тийм байхад энэ яагаад тийм болдоггүй юм бэ гэж төсөөлнө. Тэдгээрийн дотор хууль, эрх зүйн үйлчилгээ явдаг байсан.  Сайн хуульч, өмгөөлөгч хаана байна, итгэж болох юм уу, үнэ өртөг нь боломжийн юм уу, уулзах цаг олдохгүй байна эсхүл уулзалтын цаг авсан чинь миний ажилтай давхацаад байна, уулзах газар нь миний ажил, гэрээс нилээн зайтай байна, ганц зөвлөгөө авахын тулд ирж очих гээд цаг аваад байна, ажлын дундуур гарч чадахгүй байна, гэрээ хийлгэх гэсэн юм, бичиг баримтаа нэг харуулчих гэсэн юм, шууд хэвлээд хийчих бэлэн гэрээний загвар байна уу, интернетээр дүүрэн мэдээлэл байна яг аль нь үнэн юм бэ, ингэж болох уу  гэх мэт иргэдээс маш олон асуудал тавьдаг байсан.  Бас газар зүйн байршил буюу хөдөө байна, гадаадад байна, хотоос зайдуу байна гээд л. Энэ бүхэн байнга давтагддаг иргэдийн бодит хэрэгцээ байсаар байна. Үүнийг Legal technology буюу хуулийн технологи ашиглан бүрэн шийдэх боломжтой юм. Манай iLaw платформ нь монголд анх удаа хуулийн технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм л даа. 

Та хуулийн технологи нь талаар илүү тодруулаач. Манай улсад шинэ ойголт байх.  

Энэ нь уламжлалт хууль, эрх зүйн үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт технологи болон программ хангамж ашиглан хэрэглэгчид хүргэх шийдэл юм л даа.  Энэ технологийн үр ашиг маш өндөр бөгөөд хууль зүйн салбар, шүүх, цагдаа, хуулийн сургуулиудад, эрх зүйн боловсрол олгодог хуучирсан зардал өндөр, цаг хугацаа их авдаг, механик процесс их шаарддаг бүхэл бүтэн салбарыг технологийн тусламжтайгаар бүх нийтийг хамруулах, мэдээлэл өгөх, тусламж үйлчилгээг богино хугацаанд хүртээмжтэй хүргэж үзүүлэх боломжтой болж байгаа юм. Хуулийн технологийн хэрэглээ маш олон төрлөөр дагнан ажиллаж байна. Үүнийн дотор манай улсын эрх зүйн тогтолцоо, системд тохирсон онлайн хууль зүйн үйлчилгээ, хуульч өмгөөлөгчийг эрж хайхгүй шууд холбоо тогтоох ажиллагаа, баримт бичиг боловсруулалтын автоматжуулалт, эрх зүйн баримт бичгийн судалгаа, шинжилгээний нэгдсэн сан, эрх зүйн боловсрол олгох эко систем, тухайлсан үйлчилгээ болон төлбөр тооцооны ухаалаг системийг нэвтрүүлэх илүү иргэдийн хэрэгцээнд нийцэх болов уу. 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д ядуурлын бүх төрлийг эцэс болгоно, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болно, хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэдийн оролцоог хангасан, мэргэшсэн тогтвортой засаглал төлөвшсөн байх зорилтууд гэж заасан байдаг. Мөн  Засгийн газраас 2016 онд Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталж, хийж байгаа нь маш том алхам болсон. 
Зорилго нь иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдээ, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбарчилсан хэлбэрээр хүргэх замаар бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлнэ гэж байгаа. Миний харж байгаагаар бүх нийтийн эрх зүйн боловсрол олгох цахим хөтөлбөрийг цаг алдалгүй эхлүүлэх нь нэн чухал гэж бодож байна. Учир нь технологи цаг, секунд тутамд өөрчлөгдөж, шинэчлэгдэж, хувьсаж байна шүү дээ. Энэ хурдыг төр гүйцэхгүй байх эрсдэл бас бий. Харин яаж хоцрохгүй явах вэ гэдэгт анхаарлаа хандуулах  хэрэгтэй. 

Ер нь манай улсын иргэдийн эрх зүйн мэдлэг хир байна вэ. Энэ талын судалгаа, шинжилгээ байдаг уу. Үүнд хуулийн технологи хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна. 

Нээлттэй нийгэм форумаас 2016 онд улсын хэмжээнд судалгаа явуулсан байдаг. Судалгаа нь иргэдийн эрх зүйн чадавхийг тандан судлахад чиглэсэн бөгөөд иргэдэд хууль, эрх зүйн асуудал тулгарахад өөрт ямар эрх байгааг сайн мэдэхгүй гэж 15,7 хувь, хэнд хандаж ямар туслалцаа авахаа мэдэхгүй гэж 38,3 хувь, шүүхээр шийдэгдсэн 70,000 орчим иргэний 15 орчим хувь нь хууль зүйн туслалцааг ямар нэг байдлаар авсан хэмээн хариулсан байдаг. Бид энэхүү судалгаанд үндэслэн дахин судалгааны байгууллагаар  хуульчийн үнэлэмж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа болон иргэдэд хүргэж байгаа хууль зүйн бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэл, чанар, хүртээмж, үнэ ханшийн талаарх илүү нарийвчилсан судалгааг хийлгэсэн байдаг. Судалгааны дүнгээс дурьдвал иргэд хууль, эрх зүйн мэдээллийг олж авахдаа албан ёсны эх сурвалжаас илүү интернет орчинд тулгарсан асуудлыг хайж хамгийн түрүүнд гарч ирсэн илэрцэд итгээд хэрэглэх хандлага ихэссэн, мэдээллийн үнэ цэнийг ялгах, шүүлтүүр хийх боломжгүй болсон, зөвлөгөө туслалцааг очиж авах бус гар утсаараа гэртээ, ажил дээрээсээ цахим орчинд авах нь түгээмэл болсон, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг сайн ойлгоогүй, хуульч өмгөөлөгчийг зардал хөлс нь хэт өндөр төлбөртэй, өмгөөлөгчид бүрэн итгэх нь бэрх зэргээр хариулахаас гадна ихэнхи хүмүүс хууль зүйн туслалцааг найз нөхдөөсөө авах, туслацаа хүсдэг хандлага бий болсоныг хариулсан байдаг. 

Энэ нь ижил төстэй хөгжиж буй  бусад улс оронтой харьцуулахад манай улсын иргэдийн эрх зүйн чадавхи харьцангуй сул байгааг маш тодорхой харуулж байна. Үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлж байгаа ч түүн дотроо эрх зүйн мэдээллийг иргэдийн мэдээлэл авдаг тэр сувгаар системтэй хүргэж чадахгүйгаас мэдээлэл хангалтай бус, үүнээс  болж  иргэд эдлэх ёстой эрхээ эдлэж чадахгүй, эрхээ зөрчүүлдэг, алддаг, хохирдог  явдал түгээмэл байна. 

За тэгвэл Хуулийн технологи нь мэдээж хуульч, өмгөөлөгчид, мэргэжлийн хэрэгцээтэй байх. Энэ талаар тодруулж болох уу. 

2018 оны статистикаар Монгол Улсад нийт 5,640 хуульч, үүний дотор 2,114 өмгөөлөгч, 188 хуулийн фирм үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг бүртгэл байна. Хууль, эрх зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж буй хуульч, өмгөөлөгчийн хувьд ч энэ төрлийн технологид шилжиж ашигласанаар өдөрт хүрч үйлчлэх үйлчүүлэгчийн тоо 10 дахин ихэснэ, нэг үйлчилгээ, тусламж зарцуулах механик үйл ажиллагаа байхгүй болж хүртээмж нэмэгдэнэ, заавал ажлын байр гэхгүйгээр гэрээсээ ч үйлчилгээ үзүүлдэг болно, хөдөө орон нутагт явж очих шаардлагагүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүйгээр хууль, эрх зүйн үйлчилгээ, тусламж, мэдээллийг хүртээмжтэй хүргэдэг болох юм. Энэ нь маш олон ажлыг богино хугацаанд үр дүнтэй хийх болно. 

Дараагийн 20-30 жилд олон мэргэжлийг технологи орлож ажлын байрууд маш олноор үгүй болох талаар хэлж байгаа. Үүн дотор таны хийж буй ажил чинь ер нь хуульчийн ажлын байрыг технологи орлооод эхлэх юм биш үү гэж сонсогдож байна. 

Зарим зүйл дээр боломжтой. Жишээ нь чатбот байна. Түгээмэл хэрэглэгддэг байнга давтагдах шинжтэй асуултыг бол заавал хуульчтай холбогдохгүйгээр технологийн тусламжтайгаар одоо ч авч байна. Бүх төрлийн хууль зүйн анхан болон дунд шатны зөвлөгөө мэдээллүүд бас авах боломжтой. Гагцхүү үнэн мэдээлэлтэй эх үүсвэр мөн үү гэдэгт анхаарах хэрэгтэй. Мөн баримт бичгийн боловсруулалтыг автоматжуулсан бэлэн маягтууд байна. Үүнийг иргэн ороод өөрийнхөө мэдээлэл болон тухай зүйлийнхээ мэдээллийг оруулаад л хуульчийн шаардлагагүй ашиглаж болж байна. Барууны зарим оронд цахим шүүх хурал, цахим хавтаст хэрэг гэсэн ойлголтууд аль хэдийн нэвтрээд ашиглаад эхэлсэн байна. Тэгэхээр технологи бол хуульчийн үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа зүйл юм. Мэргэжлийн хуульч шүүх хуралдаанд оролцдог болохоос технологи оролцдоггүй.  Тиймээс Хуульчийг технологи бүрэн орлох хүртэл хол байхаа. 

Танай компани Монгол улсад анхлан хуулийн технологийн платформыг нэвтрүүлээд ажиллаж байна. Энэ талаар тодруулаач. 

Би түрүүн хэлсэн хууль эрх зүйн асуудлыг шийдвэрлэхэд хуулийн технологи чухал гэж. iLaw бол хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлэх ухаалаг платформ юм. Бид энэхүү платформоороо зардал ихтэй, цаг зав, газар зүйн байршлаас ихээхэн шалтгаалдаг хууль эрх зүйн уламжлалт үйлчилгээг гэртээ, ажил дээрээ, машин автобусанд, хөдөө ч, гадаад улсад ч, хаанаас ч гар утас, таблет, компьютер хэрэглэн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хурдан, шуурхай, хялбараар үйлчилгээг авах ухаалаг хэрэглээг санал болгож байгаа юм.  Зорилго бол ухаалаг эрх зүйн үйлчилгээг иргэн бүрт хүргэх явдал юм. 

Мөн бас монгол улсад анхлан санаачилан хэрэгжүүлж бусад салбарын залуучуудад урам зориг бас энэ чиглэлдээ олж авсан мэдлэг, мэдээлэлээ бусадаа хуваалцах боломж гарч ирж байгаад баяртай  байгаа. 

Мөн бидний ажлыг ойлгон дэмжиж байгаа хууль зүйн салбарын болон холбогдох төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хуульч, өмгөөлөгч нарт баярлаж байгаагаа хэлэх хэрэгтэй байх. 

Энэ дан ганц нэг компанийн хийх ажил биш бүх нийтийн оролцоо, хуульчдын, өмгөөлөгчдийн, хууль зүйн салбарын асуудал тул хамтдаа бүтээж хийж чадна гэдэгт итгэж байгаа. 

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг www.ilaw.mn платформд хандан аваарай.