Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт улсад 1.2 тэрбумын хохирол учруулсан хэргээр шалгагдаж байна

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 9 Сарын 25

УИХ-ын гишүүн Сү.Батболдын эхнэрийн дүү Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

Өмнө нь Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад авилга хээл хахуулийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан ч прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг аж.
Харин өдгөө АТГ-ын мөрдөгчид шинээр тогтоогдсон нөхцөл байдал дээр тулгуурлан түүнд дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 5 сарын 17 ны 126-р тогтоолоор Б.Асралт гэгч нь
2017 оны 03 сарын 09-ны А/37,
2017 оны 06-р сарын 30 ны А/162-р тушаалаар удаа дараа хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосныг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл Б.Асралт нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж нэр бүхий 4 ХХК-д 2017 оны 06 сарын 30-ний өдөр давуу байдал бий болгох зорилгоор, сонгон шалгаруулах журам зөрчин, тусгай зөвшөөрөл олгосон гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм байна.

Хамгийн сонирхолтой нь Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нь АТГ-ынхны хараанд өртөж эхлэн шалгагдаж байх хугацаандаа дээрх гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч 2017 оны 10 сарын 03-нд хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгосон байна.

Гэсэн хэдий ч энэ хугацаанд нэр бүхий 4 ХХК 485.000 долларын буюу 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барааг хил, гаалиар татваргүй оруулж улсыг хохироогоод амжсан байна. Ил болоод байгаа мөнгөн дүн нь энэ хэдий ч илрээгүй хэдэн тэрбумын асуудал байгааг таашгүй.

Б.Асралтын давуу байдал бий болгон тусгай зөвшөөрөл олгосон гэх нэр бүхий 4 компанийн дунд Сү.Батболдын хүү Б.Баттүшигийн эзэмшлийн аж ахуй нэгж байсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Бид энэ тухай мэдээллийг дэлгэрэнгүйгээр эргэж мэдээлэх болно.

Н.Номт