Д.Одбаярыг мэдүүлэг өгөхөөс зайлхийвэл прокурорт шилжүүлэхээ Солонгосын тал мэдэгдлээ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 11 Сарын 4

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр зорчиж явахдаа “Онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан” гэх мэдээлэл Монгол, Солонгос хоёр орны ХМХ-үүдээр цацагдсаар байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Д.Одбаяр, А нар нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, Д.Одбаяр онгоцны ариун цэврийн өрөөний үүдэнд зөрсөн 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол тав орчим минутын дараа А гэгч нь өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч, зохисгүй үйлдэл гаргасан гэжээ.

Д.Одбаяр Индонезид болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор явж байхдаа тус хэрэгт холбогдоод байгаа юм.

Онгоц газардмагц нисэх буудлын цагдаа нар Д.Одбаяр болон А нарыг хоёрдугаар терминалаас баривчлан саатуулсан байна. Гэтэл БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны төлөөллүүд, Цэцийн дарга болон А нарыг “Дипломат халдашгүй эрхтэй, хуралдаа оролцоод буцаж ирэхэд нь мэдүүлэг өгүүлнэ” гэж хэлээд суллуулсан. Ингээд Д.Одбаяр Индонез руу, А нь Сингапур руу ниссэн ажээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан БНСУ-ын Инчеоны Бүсийн цагдаагийн газраас өнөөдөр /2019.11.04/ хохирогч хоёр эмэгтэйгээс мэдүүлэг авсан байна.Тэд мэдүүлэг өгөхийн зэрэгцээ Д.Одбаяр болон түүнтэй хамт явж байсан А нарыг “Шийтгэлээ хүлээгээсэй” гэж хүсч байгаагаа илэрхийлжээ.Инчеоны цагдаагийн газраас Д.Одбаяр болон А нарыг Индонезиос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүйгээр, нислэгээ өөрчилж, Монгол руу буцвал тэдэнд холбогдох хэргийг шууд прокурорт шилжүүлнэ” гэж мэдэгдсэн байна.