Д.Тогтохсүрэн: Бид үзэж сонирхох зорилгоор л казино орсон

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 1 Сарын 20

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс казинод тоглосон эсэх талаар нь тодрууллаа. 

Тэрбээр "УИХ-ын таван гишүүн УИХ-ын даргын хамт Австралийн Канберра хотод болсон Олон улсын парламентийн холбооны 28-р чуулганд оролцоод ирлээ. Зургаа хоног яваад ирсэн. 13-16-ны өдөр Канберра хотод олон улсын хуралд оролцсон, тэр үеэр олон уулзалтад оролцсон. 17-ны өдөр Сидней хотод нэг өдрийн аяллын хөтөлбөртэй байсан. 18-нд Хонгконг руу нисээд, 19-ний өдөр Улаанбаатарт буусан. Аяллын хөтөлбөрийнхөө хүрээнд явж, ажиллаад ирсэн. 17-ны өдөр УИХ-ын гишүүдэд Сидней хотыг танилцуулах хөтөлбөрийн дагуу худалдааны гудамжууд, Австралийн эдийн засаг бизнесийн төвүүдтэй танилцсан.

Тэдний нэг төвийн казиног нь сонирхож үзье, ямархуу байдаг юм гэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан гишүүн, Элчин сайд Чулуунхүүтэй дөрвүүлээ орсон. Ороод гарах хооронд бидний зураг авсан байсан. Нэг том танхимтай, олон хүн л бужигнасан газар байна лээ. Бид нар тэнд удаагүй, үзээд л гарсан. УИХ-д Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан Казиногийн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ Парламентаар амжвал Казиногийн хуулийн төслийг хэлэлцэхээр яригдаж байгаа энэ үед ойлголттой болбол яасан юм гэж ярилцаад орж, үзсэн. Бидэнд хэн нэгнээс нууж хаах зүйл байхгүй.  Казино тоглоогүй, үзэж сонирхсон гээд хариуцлага хүлээлгэдэг бол хариуцлага хүлээхэд бэлэн байна гэв.