БНСУ-д корона вирусийн халдвар авсан хүн амиа алдлаа

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 2 Сарын 21

БНСУ-д корона вирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Тэгү хотын ойролцооx Чондо хотын эмнэлэгт сүүлийн 20 гаруй жил хэвтэрт байсан 63 настай эрэгтэй өвчтөн өчигдөр (2020.02.19-нд) уушигны хатгаагаар нас баржээ. Тухайн өвчтөнд хийсэн задлан шинжилгээгээр корона вирусийн халдвараар нас барсан болох нь тогтоогдсон байна. Мөн тухайн эмнэлэгийн бүх өвчтөн корона вирусийн халдвар авсан байж болзошгүй байгаа аж.  Түүнчлэн  Жэжү арал дээр алба хааж буй усан цэргийн флотын 20 настай цэрэг корона вирусийн халдвар авсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж . Тэрбээр чөлөөгөөр хоёрдугаар сарын 13-18-ны хооронд Тэгү хот дахь гэртээ очсон байжээ. Одоогоор  түүнийг Жэжү хотын эмнэлэгт тусгаарлаж байна. Түүний давтан шинжилгээний хариу өнөөдөр гарах талаар Солонгосын хэвлэлүүд онцолжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 22-оор нэмэгдэж 104 болсон байна. Дийлэнх нь Тэгү хотоос илэрсэн тул тус хотод гуравдугаар зэргийн онц байдал зарлаж хүмүүс ихээр цуглардаг газруудын үйл ажиллагааг зогсоосон талаар Yonhap news мэдээллээ.