Д.Энхбаатар: Сонгуульд зөв стратегитай хүн л ялалт байгуулна

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 3 Сарын 26

Сонгуулийн мэргэжлийн стратеги, технологи гэж чухам юуг хэлээд байгааг мөн нэр дэвшигчид юун дээр анхаарах ёстой талаар “Зөвлөгөө” буландаа “Виннер Стратеги Групп”-ийн   үүсгэн байгуулагч Д.Энхбаатарын яриаг онцолж байна.

Иргэд сонгогчид судалгаа, мэдлэгт суурилсан зөв стратеги төлөвлөлт бүхий цэвэр тунгалаг өрсөлдөөнийг хүсч байна

- Сонгуулийг ямарч стратеги, технологигүй хийж байгаа гэх шүүмжлэл байдаг. Мэргэжлийн хүний хувьд үүн дээр ямар дүгнэлттэй явдаг вэ. Чухам юуг сонгуулийн стратеги, сонгуулийн технологи гээд юм бэ?

- Стратеги гэдэг нь дахин давтагдашгүй, цор ганц санааг гаргаж ирэх, өөр байх, оновчтой байх, тасралтгүй ялгарах шинж чанар бүхий үйл явц ажиллагааг л хэлээд байгаа юм.  Одоо бол улстөрийн намуудын сонгуулийн стратегийг хэн хийгээд байна гэхээр мэдрэмжтэй, туршлагатай гэгдэх үе үеийн намын лидерүүд хийж байна. Эд нараас мэдрэмж бас туршлага гарна. Туршлага бүр сайн байдаггүй. Туршлага бол өөрөө алдааны цуглуулга. Манай туршлага бүхий улс төрчдийн мэдрэмж нь нөгөөх л хар пи ар, харлуулалт, гүтгэлэг, мөнгө тараах, царцаа нүүлгэх. Гаршсан арга, туршлага нь энэ.  Ингэж сонгуулийг удирдаж байгаа нь өөрөө сонгууль ийм явдаг гэдэг ойлголтыг нийгэмд үүсгэчихсэн. Сонгуулийн технологи энэ юм байна гээд улс төрчид нь ойлгочихсон. Энэ бол хатуу үнэн.

Гэтэл нийгмийн захиалга иргэд сонгогчид судалгаа, мэдлэгт суурилсан зөв стратеги төлөвлөлт бүхий цэвэр тунгалаг өрсөлдөөнийг хүсч байна. Иймээс улс төрийн сонгуулийг бохир өрсөлдөөний талбараас цэвэрлэж, өнгө мөнгөний бус цэвэр стратегийн өрсөлдөөнөөр шударга явагддаг болгож, эх орныхоо төлөө хийж бүтээх чин эрмэлзэлтэй, мэдлэг чадвартай улс төрчдийг дэмжин ажиллахаар бид “EXPERT POOL” буюу мэргэжилтнүүдийн цөмийг үүсгэн ажиллаж байна. Мөн сонгуулийг хуулинд заасан богино хугацааны ажил гэж ойлгодог улс төрчдийн сэтгэлгээнд өөрчлөлт хийж, сонгуулийн өмнөх кампанит ажил буюу нэг сонгуулиас дараагийн сонгууль хүртэлх хугацаанд тасралтгүй үргэлжлэх үйл явцыг хэрэгжүүлэх улс төрийн соёлыг нэвтрүүлэхийн төлөө бид явна. Энэ мэдээж хэцүү бас цаг хугацаа орно. Гэхдээ эхлүүлэх цаг нь болсон. Энгийнээр хэлбэл нэр дэвшигчдийн ялах замын зөв луужин болж өгөх зорилготой.

-Нэр дэвшигчид яг ийм мэргэжлийн баг, зөвлөхүүдээр бодлого стратегиэ тодорхойлуулах гэхээсээ илүү сонгуулийн штабаа гэр бүл, хамаатан саднаараа бүрдүүлчихдэг. Монголд ийм л байдаг. Санал нийлнэ биз?

- Яг үнэн. Ирээдүйд сонгуулийн кампанит ажил нь итгэлтэй хүмүүсийн дан ганц туршлага, мэдрэмж, төсөөлөл дээр тулгуурлан хийгддэг зүйл байхаа больж мэргэжлийн улс төрийн стратегийн байгууллагуудтай хамтран ажилладаг мэдлэг сууртай үйл явц болохын төлөө л бид ажиллаж байна. Олон улсад ч ийм жишиг аль хэдийн нэвтрээд улс төрийн бохир өрсөлдөөнөөс салж эхэлцгээж байна. Тиймээс бид энэ мэргэжлийн улс төрийн стратегийн агентлаг байгуулах цаг нь болсон гэж үзэж байна.

Гурван хүн явж байлаа гэхэд стратеги муу бол гурвуулаа унах магадлалтай

-Нэг нэр дэвшигч дээр цорын ганц бодлого боловсруулж байж л стратеги биелэлээ олно биз дээ?

- Дэлхий дээр долоон тэрбум нүдний харц, нүүрний төрх, хурууны хээ байдаг шиг долоон тэрбум стратеги байх боломжтой. Дорж дээр хийгдсэн 2016 оны стратеги энэ удаа Цэцгээ дээр хэрэгжих боломжгүй. Яагаад гэвэл сонгогчид өөрчлөгдсөн. 2016 онд 17 настай байсан хүү 2020 онд 21 нас хүрээд сонгогч болсон. Тэдний цаг үе өөр. Дэлхий даяар Gen Y, Z… үзэл бодол хүсэл мөрөөдөл шал өөр. Манай нийт хүн амын 63 орчим хувь нь 35 хүртэлх насны залуус байна. Тэгэхээр манайх залуучуудын орон. Залуучуудын стратегийг залуус л гаргана. Гурван хүн явж байлаа гэхэд стратеги муу бол гурвуулаа унах магадлалтай. Хэдий багийн өрсөлдөөн юм шиг харагдаж байгаа боловч баг доторх өрсөлдөөн явагдаж байдаг. Хүн хүссэн хүсээгүй өөрийгөө л бодно ш дээ. Баг доторх өрсөлдөөнөө хийе гэхээр гурвуулаа адилхан юм чинь яахын. Чадахгүй. Тиймээс хувь хүнд заавал стратеги хэрэгтэй. Тойргийн онцлогоосоо шалтгаалаад, хувь хүнээсээ шалтгаалаад ахиад өөр өөр стратегитай байх ёстой. Цорын ганц нэг стратеги гаргах юм. Намууд бол үндсэн стратегаа өөрсдөө гаргана. Түүнээс биш хувь нэр дэвшигч дээр намууд ажиллаж чадахгүй. Тэгэхээр 76 гишүүнийх нь хувь стратеги алдагддаг.  Тэгэхээр мэргэжлийн зөвлөх агентлаг авч ажлуулах шаардлагатай. Тэр нь өмнө манайд байгаагүй. Байгаа хэд нь нэгдэж чаддаггүй. Харин бид салбар бүрийн мэргэжлийн зөвлөхүүдийг  нэгтгэсэн байгаа. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийгээд сонгодог ардчилалтай орнуудаас хамгийн шалгарсан технологийн ном товхимол, гарын авлага, судалгааны материалууд гаргасан байна. Хувь нэр дэвшигч өөрөө сонгуулийн стратегийн гарын авлага хараад ажиллаж болно. Гэхдээ тэдэнд заавал мэргэжилтнүүдийн тусламж зайлшгүй хэрэг болно, тэгэхгүй бол дутуу муу төлөвлөгөө бол бүр хор хөнөөлтэй. Ингэж ажиллахад итгэл гэдэг асуудал яригдана. Энхбаатар гэдэг хүнд итгэж болно. Тэгвэл манай багийнханд яаж итгэх юм. Нөгөө өрсөлдөгчид очоод өөрийнх нь талаар ярихгүй байх итгэл яригдана. Бид үүнийг л амалж байгаа. Цэвэр мэргэжлийн ёсзүй, итгэлцлийн асуудал. Нэг тойргийн хоёр өрсөлдөгч дээр хэзээ ч ажиллахгүй. Хар пи ар дээр ажиллахгүй. Цэвэр өрсөлдөөн дээр мэргэжлийн зөвлөгөө өгнө. Тухайн нэр дэвшигчийн үндсэн штабыг байгуулахад нь зөвлөөд, чиглүүлээд явна. Итгэж чадвал ялж чадна. Мэргэжилтнүүдтэй хамт ялалтаа төлөвлө л гээд байгаа юм.

-Ийм төрлийн мэргэжлийн түвшний зохицуулалт гадны өндөр хөгжилтэй оронд хөгжчихсөн, байр сууриа олсон байдаг. Үүнийг яаж нэр дэвшигчид, ард иргэдэд ойлгуулмаар юм бэ?

-Эхлэл нь тавигдах л ёстой. УИХ-ын ээлжит сонгуульд 5 багцаас 500 орчим нэр дэвшигч өрсөлдөнө. Бид бүгдтэй ажиллах боломжгүй. Илүү ухаалаг, цэвэр тунгалаг өрсөлдөөнийг эрхэмлэдэг, итгэж чадсан нь бидэнтэй ажиллана гэж харж байна.  Тэдний гаргасан үр дүнгээр л бидний ажил үнэлэгдэнэ шүү дээ. АНУ-д тухайлбал “Стратеги 360” улс төрийн стратегийн зөвлөх агентлаг байна. Бид холбогдож хамтран ажиллах санал хүргүүлэхэд таатай хүлээн авсан. Судлаач төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Монголд ирэх боломж байлаа даанч нөхцөл байдлаас болж цуцлагдсан байгаа. Мэргэжлийн агентлагаар улс төрийн стратеги, сонгуулийн кампанит ажил дээр хамтрах нь тухайн нэр дэвшигчийн ялах магадлалыг огцом өсгөж байдаг. Манайд бол 2 том намаас нэр дэвшвэл 20 хувь өсдөг гэдэг шиг эднийд орвол шууд рейтинг өсдөг жишээний. Ийм болтлоо мэргэжлийн зүйл нь өссөн. Эдний бүтээл Барак Обамагаас эхлээд байна. Барак обама өөрөө эл компанийн зөвлөх байж байгаад улстөрч болоод явсан байх жишээтэй. Мэдээж пиар явагдана. Энэ нь эерэг, цагаан байх ёстой.

- Стратеги баахан ярьлаа. Одоо технологийн талаар товчхон ярилцая ?

- Ер нь сонгуулийн технологийг дээр бас баахан ярилаа. Маш энгийнээр хэлэхэд бид цэвэр тунгалаг өрсөлдөөний л хэв маягийг хэлээд байгаа юм. Яахав онолын хувьд сонгуулийн технологи буюу сонгуулийн кампанит ажлын дараалал гаргавал бэлтгэл ажил, судалгаа, нөхцөл байдлыг үнэлэх, ажлын зорилгыг тодорхойлох, зорилтот сонгогчдыг тодорхойлох, мессеж боловсруулах, сонгогчдод хүрч ажиллах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх... гэх мэт хольцыг л технологи гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл кампанит ажлын зөв төлөвлөлт нь технологи болдог. Зарим хөгжингүй орнуудад сонгуулийн технологичдийг бэлтгэдэг болсон байна.

-Энэ удаагийн сонгуулийн тогтолцоо эмэгтэйчүүдэд бүр хаалттай болчихсон уу?

-Томсгосон тойргийнхоо онцлогоор бол хэцүү. Гэхдээ нийгмийн захиалга бол эрэгтэй улстөрчдөөс уйдсан байна. Эрчүүдийн давамгайлал, манлайллаас уйдсан. Эмэгтэйчүүдийг сонгох магадлал бас өндөр. Эмэгтэй лидерүүд гарч ирэх бүрэн боломж байгаа. Харамсалтай нь хоёр том нам болон бусад намуудад эмэгтэй лидерүүд цөөхөн байна. Сонгууль өөрөө маш хатуу байдаг. Тиймээс эмэгтэйчүүдээс хатуу чанга байх, тэр ирж байгаа дайралт мессежийг даваад гарах сэтгэлийн тэнхээ шаарддаг учраас тэрний ард гараад үлдэх эмэгтэйчүүд маш цөөхөн санагддаг. Энэ жилийн сонгууль медиа талдаа болно. Тиймээс залуучуудын идэвхи оролцоо ч нэмэгдэнэ. Шинэ үеийн сонгуулийн технологи ашиглан, цэвэр өрсөлдөж, бодлогын мэтгэлцээн, үнэнд ойр шийдэл гарц яриад тэр нь хэмжигдэхүйц байвал залуучуудын сонгуулийн идэвхи нэмэгдэнэ. Залуу шинэ нэр дэвшигчид үүн дээр нэгдээсэй гэж хүсч байна. Ингэж чадвал бид стратегийн маш том нөөцөө сонгуульд оролцуулж, саналыг нь авч чадна. Хуучин улс төрчид үүнийг хийхгүй. Хийсэн ч сонгогчид хүлээн авахгүй. 

Гурван хүн явж байлаа гэхэд стратеги муу бол гурвуулаа унах магадлалтай

-Яг сонгуулийн өмнө шинэ нам гарч ирээд л намууд хоорондоо эвсэж байдаг. Мөн намаа сольж байна ? Энэ нь хэр оновчтой шийдэл вэ ?

-Эхнийх нь шилжиж байна. Энэ нь өөрөө эрүүл үзэгдэл. Намууд хатуу гишүүнчлэлгүй байх, эерэг ардчилал. Тэр хүмүүс буруу зүйлтэй эвлэрэхгүй, энэ буруу зүйлийг хийх гээд байгаа хүмүүсээс тусгаарлаад зөв юм хийе гээд гарч байгаа бол эрүүл үзэгдэл. Харин хувь хүний амбиц, цэвэр өөрийнх нь хааж боймлонгуут нөгөөгийнхөө эсрэг хийж байгаа бол буруу үзэгдэл. Намдаа өөрөө хортой. Одоо тухайлбал том намын лидерүүд хоорондоо эв нэгдэлгүй, ойлголцохгүй байдлаас шинэ нам байгуулаад гарч байна. Үүний цаана юу байгааг бид мэдэхгүй. Үнэхээр шинэ бодлого, шинэ улс төрийн соёлыг бий болгоно гээд явж байвал зөв байж болно. Хэвийн байх ч ёстой үзэгдэл. Зөвхөн ашиг сонирхол нь юу вэ гэдгээс л хамаарна. Цөөн хүнийх үү, улс орны төлөө юу. Нөгөөтэйгүүр, улс орны төлөө өөрсдийнх нь эсрэг ирсэн зүйлийг хүлээн зөвшөөрөөд явж болох л байсан. Тиймээс аль аль талаас нь бодох хэрэгтэй. Ардчиллыг иргэд эмх замбараагүй байдал гэж андуураад байна. Энэ чинь өөрөө илүү ёс суртахуун, хариуцлагыг шаардсан зүйл шүү дээ. Эрх нь байгаа ч нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж ёс зүйн хариуцлага шаарддаг ийм л зүйл. Хэн хөдөлмөрлөсөн, хэн зорилготой, хэн төлөвлөсөн нь л хожно. Зөв стратегитай хүн л ялалт байгуулна.

-Эвсэх нь?

- Зөв. Бас л стратегийн асуудал. Том нам нь санал хуваах боломжтой үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр нь ижил байгаа шинэ, жижиг намуудтайгаа эвсэх нь зөв стратеги. Санал авах хувиа өндөрсгөх, саналаа хуваалгахгүй байх гэсэн хоёр зорилготой л эвсдэг.

-Хамгийн сүүлийн асуулт. Та бүхэн мэргэжилтнүүдийн цөм учир мэдээж тодорхой хэмжээний судалгаа, монитаринг хийж л байгаа. Урьдчилсан байдлаар  2020 оны сонгуулийн өнгө цэнхэр үү, улаан уу. Зураглал гарч байна уу?

- Бид судалгааны байгууллага, мэргэжилтнүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Нэлээн томоохон цэвэр тунгалаг үнэн судалгаа гарна гэж итгэж байна. Судалгаа хараахан дуусаагүй учир хувь судлаачийн мэдрэмж, байр сууринаас хариулж болох юм. Судалгаанд намуудын мөрийн хөтөлбөр, сонгуулийн хуулийн хугацааны өмнөх далд улс төрийн ажиллагаа их нөлөөлнө. Олон мандаттай томсгосон мажоритар тогтолцоо нь онол нь өөрөө нэг нам дийлэнх олонхи болох магадлал тун бага. Тухайн 3 мандаттай тойрогт 15 хүн байхад эхний гурван хүн л гарна. Нөгөө л нэг уламжлалт сонголт, сэтгэлгээгээр 2 том намаа нэг, хоёрт дугуйлчих хандлага гарна. Гурав дахь нь нийгмийн захиалга байх боломжтой. Шинэ залуу улс төрчид, эмэгтэйчүүдэд маань гурав дээр гарч ирэх боломж байна. МАН, АН дангаараа, МАХН хоёр намтай эвсээд, ШИНЭН эвсэл нь орж ирээд, ХҮН нам Электрод хөдөлгөөнтэй эвсээд 5 цул эвсэл болчлоо. Тэгэхээр 2 мандаттай тойрогт нийгмийн захилга хэцүү харагдаад байна. Одоо мөрийн хөтөлбөрөөрөө ялгарсан стратеги явуулах ёстой. Гэтэл мөрийн хөтөлбөрөө танилцуулсан намуудад ялгарах, онцгой байх шинж чанар буюу тэдэнд ямар ч  стратеги алга. Яг өмнөх арга барил давдагдаж нэг нам нь цалинг 3 сая болгоно, нөгөөх 5 сая гэх жишээний. Ингээд бүхэл бүтэн улс орныг авч явах намууд тодорхой ялгарах стратегигүй байхаар сонгууль нийгмийн захиалгаар явагдана гэдэг хэцүүхэн. Ийм хэрэгжих боломжгүй тооцоо судалгаагүй амлалтууд сонгуулийн ирцийг буруулах, нөгөө стратегийн нөөц бүхий 18-35 насны залуучуудыг 63,7 хувийг сонгуульд оролцохгүй байх хандлага руу түлхэчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хандлага хуучин улс төрчдын амьд үлдэх башир арга шүү дээ. Тиймээс шинэ залуу улс төрчид маань цэвэр тунгалаг өрсөлдөөнд нэгдэж, бүтэшгүй боломжгүй амлалтуудаа зогсоож, судалгаа, мэдлэгт суурилсан боломжит юмнуудаа ярьж шинэ үе гэдгээ нотлох хэрэгтэй байна. Эцэст нь уриалахад улс төрийн сонгуулийг бохир өрсөлдөөний талбараас цэвэрлэж, өнгө мөнгөний бус цэвэр стратегийн өрсөлдөөнөөр шударга явагддаг болгож, эх орныхоо төлөө хийж бүтээх чин эрмэлзэлтэй, мэдлэг чадвартай улс төрчдийг дэмжин ажиллах бидний зорилгод нэгдээрэй. Та бүхэндээ баярлалаа. Сонор сэрэмжээ бүү сулруулаарай. Амжилт хүсье.

Ungu.mn