6640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ ЦАРЦААСАН ДЭЭДЭС ТАНАА

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 3 Сарын 30

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 6440 хүүхдийн сурч боловсрох эрхийг ноцтой зөрчиж байна.


2012 онд Засгийн газраас Нийслэлийн 23 байршилд 6440 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажлыг эхлүүлсэн байдаг. Энэ цагаас хойш санхүүжилт нь дутуу орсоор 2017 оны хавар Засгийн газар болон НИТХ-аас эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтүүлэх үлдэгдэл санхүүжилтыг нэг мөр шийдвэрлээд байсан юм. Гэтэл Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Засгийн газар, НИТХ-ын уг шийдвэрийг үл тоон, тодорхойгүй шалтгаанаар өнөөг хүртэл барилгын ажлын санхүүжилтийг олголгүй царцаажээ. Өөрөөр хэлбэл, төсөв мөнгө нь аль хэдийн төсөвлөгдсөн уг ажлыг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан бүтэн гурван жил хав даржээ. Энэ хугацаанд тендер авсан барилгын ажлыг гүйцэтгэгч 23 компани удаа дараа шаардлага хүргүүлсэн ч нэг ч удаа хариу өгөөгүй байна. Одоогоор эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгын ажил 30 хувьтай байгаа юм.
Төрийн ажил төсөв мөнгөгүй гээд явдаггүй шалтгааныг олонтой дуулсан ч ийнхүү төсөв мөнгө нь байхад ажил урагшлаагүйгээр үл барам, төсөв нь хаачисан нь тодорхойгүй байдалтай байна.
Сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй байгаа нийслэлийн гэр хорооллын 6440 хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн эл үйлдэлдээ засаг ноён та хариу өгнө үү.

Зураг: Дутуу баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгууд