П. Наранбаяр: Боловсролын шинэчлэл чадварлаг багшаас эхэлнэ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 5 Сарын 21

-Хорио цээртэй холбоотойгоор манай улс техникийн дэвшлийг бүх нийтийн боловсролд ашиглаж эхэллээ. Цахим сургалтын талаар та ямар бодолтой явдаг вэ? 
-Ирээдүйн хандлага мөн үү гэвэл мөн л дөө. Гэхдээ танхимын сургалтыг бүрэн үгүйсгэж боломгүй. Ялангуяа нийтээр нь нэг түвшинд хүргэх сургалтыг цахимаар явуулах нь зохимж жаахан муутай. Цахим сургалт ямар үед илүү үр дүнгээ өгөх вэ гэхээр, хүүхэд өөрөө хүсээд өөрийн зүгээс идэвх санаачилга гарсан үед. Тэр нь аль нэг хичээлээр гүнзгийрүүлж судлах, давтах, шалгалтад тусгайлан бэлдэх гэх мэт. Тийм учраас чи заавал сурах ёстой гэдэг стандарттай сургалтад нийцэхэд хэцүү. Дэлхий дээр одоо цахим сургалтаар Хятад тэргүүлээд араас нь Энэтхэг орж байна. Тэнд нэр хүндтэй багш нар хэдэн зуун мянган хүнд лекц ээ уншиж байна л даа. 

-Хүн амынхаа тооноос шалтгаалаад байх шиг байна, тийм үү?
-Тийм. Тэгээд дээр нь их сургуулийнх нь элсэлтийн шалгалт өрсөлдөөн ихтэй учраас ахлах ангийн сурагчдын хувьд илүү эрэлттэй байгаа юм. Манайд өрсөлдөөн харьцангуй бага байдаг. Их дээд сургуулиудын босго өндөр байх нь ерөнхий боловсролын сургалтын чанарт ихээхэн нөлөөлөх хүчин зүйл болж өгдөг л дөө. 

-Цаашдаа энэ цахим сургалтыг улсаас бодлогын хэмжээнд авч үзэж хэрэгжүүлэх шаардлагатай юу, эсвэл хувийн чанартай тодорхой сонирхлын хүрээлэлд нь орхичихсон нь дээр үү? 
- Боловсролын тэгш хүртээмжтэй байдал гэдэг ойлголтоор бол I-XII анги хүртэлх сургалтын цахим агуулгыг бий болгож төрөөс түүнийгээ үнэ төлбөргүй олгох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө Дорнод аймгийн Баяндун, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ч гэдэг юм уу алслагдсан аймаг сумдын хүүхэд чанартай цахим агуулгыг үзэж, хотын сургуулийн хүүхдүүдээс дутахааргүй мэдлэгийг олж авах боломжийг цахим сургалт өгч байгаа юм. Ингэснээр багш нарт ч нөлөөлж, өөрсдийгөө хөгжүүлэх шаардлага бий болгоно.Цахим сургалт бол боловсролын тэгш хүртээмжтэй байдалд шууд нөлөөлдөг. Нэг ийм жишээ байдаг л даа.

Африкийн нэг улсад хөдөө орон нутгийн багш нарын чанар их муу байгаа учраас боловсролын яамнаас нь бүх сургуулиудад сурах бичгүүдийнх нь агуулгыг бүрэн оруулсан I pad тараагаад, тосгоноос нэг хүн сургууль дээр нь очиж зөвхөн уншиж өгдөг болгож л дээ. Тэгсэн тэр ангиудынх нь сургалтын чанар эрс сайжирч, өөр ангиудаас ч ирж сонсох болж, нөгөө I pad өмчилсөн хүн маань сүүлдээ төлбөртэй уншдаг болж эхлэнгүүт нь яамнаас нь зөвхөн багшлах эрхтэй хүн уншдаг болгож өөрчилсөн гэдэг. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр боловсролын тэгш бус байдлыг арилгах маш том сэжүүр бол цахим сургалт юм аа гэдгийг л харуулаад байгаа юм. Тэгэхээр төр мөнгө гаргаад Монгол Улсын шилдэг багш нарыг цуглуулаад зуны амралтыг нь ашиглаад заавал эзэмших цөм хөтөлбөрийнхөө хүрээнд бүх хичээлээ цахим хэлбэрт оруулаад үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой болгоод өгчихвөл маш их хэрэгтэй. Гүнзгийрүүлж үзэх бол төлбөртэй байх жишээтэй. Ингэснээр багш нарын орлого ч, идэвх ч, чанар ч сайжирна. 

- Цаашдаа тэгвэл багш нарын чанар өсөөд, тоо цөөрөх нь ээ дээ? 
-Үгүй л дээ. Танхимын сургалт гэдгийг ерөөсөө үгүйсгэж болохгүй. Танхим гэдэг чинь өөрөө жижиг нийгмийг үүсгэдэг. Найзын харилцаа, найзлаагүй хүүхдүүдийн харилцаа, үеийнхний харилцаа, багштай харилцах харилцаа гээд нийгэмших үйл явц танхим дотор явагдаж байдаг. Нийгмийн амьдралд хүүхэд оролцож байгаа юм. Сургуульд очоод зөвхөн мэдлэг авдаггүй юм. Гэрийн сургалтаар өндөр боловсрол олгож байсан үе байсан. Гэхдээ одоо ийм аргаар нийтээр нь өндөр боловсролтой болгож чадахгүй. Тэгэхээр танхимын сургалтын ач холбогдлыг үгүйсгэх аргагүй. Заавал байх ёстой. 

- Манай ерөнхий боловсролын түвшинг хэр хэмжээнд яваа гэж үздэг вэ? 
- Муугүй. Монголын боловсрол яахаа алдаад тартагтаа тулчихаагүй. Маш их шүүмжилдэг хүмүүс байдаг. Тэд орчин үеэ харахгүй байна л даа. Би өөрийнхөө ажиллаж байсан Шинэ монгол сургууль дээр жишээлэхэд л төгсөгчдийн гуравны хоёр нь байгалийн ухаанаар төгсөөд, тэдний гуравны нэг нь шууд гадаадын их дээд сургуулиудад тэнцэж байна. Тэдний шалгалтыг тэднийхээр нь өгөөд шүү дээ. Энэ бол дэлхийн хэмжээний боловсролыг ерөнхий боловсролд олгож байна гэсэн үг. Энэ бол бахархууштай зүйл. 

-Гэтэл яг адилхан агуулга үзэж байгаа төрийн сургууль, хотын захын бүр цаашлаад аймаг сумын сургуулийн хүүхдийн сурлага, төгсөгчдийн чанар ийм биш байна. Ялгаа юунаас шалтгаалаад байна вэ? 
-Хэн зааж байгаагаас маш их шалтгаалж байгаа. Дээр нь ямар хөтөлбөрөөр явж байна вэ гэдэг их чухал. Шинэ монгол сургууль л гэхэд ахлах сургуулиасаа гүнзгийрээд явчихдаг. Ачаалал нь ихэсдэг.  Гэтэл ихэнх сургуулиудыг хараад байхад бага ангид нь их ачаалал өгөөд байх шиг. Тэгэхээр тэр хүүхэд дунд, ахлах ангид орохдоо хичээлдээ дургүй болох хандлага ажиглагдаад байдаг. 

-Ялгааг арилгахын тулд боловсролын шинэчлэл хэрэгтэй юм уу эсвэл бодлого хэрэгтэй юм уу?
-Хоёулаа хэрэгтэй. Багшийг чадваржуулахаас боловсролын шинэчлэл эхлэнэ. ЭЕШ-аар хамгийн өндөр оноо авсан хүүхдүүд багш болохыг мөрөөдөж, зорьдог байх хэрэгтэй. Монголын хамгийн шилдэг их дээд сургуулийн шилдэг анги нь багш бэлтгэдэг болох системийг маш хурдан бий болгох шаардлагатай. Боломжтой. 

-Боломжтой зүйлийг яагаад хийхгүй байгаа юм бол. 
-Зоригтой шинэчлэл хийхгүй л байна. Эхний алхам бол зөвхөн Боловсролын Их Сургууль багшийг голчлон бэлддэг бус Монгол Улсын Их Сургуулийн хамгийн сайн ангиуд дээр өндөр оноотой хүүхдүүдийг багшаар бэлддэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ЭЕШ-ын 800 оноо авсан хүүхдийг багшийн үнэмлэхтэй төгсгөөд, сургалтын төлбөрөөс нь шууд 100 хувь  чөлөөлдөг системийг зөвхөн МУБИС биш МУИС дээр, тэр дундаа хими физик биологийн анги дээр түлхүү нэвтрүүлмээр байгаа юм. Тэгээд багш нарын цалинг эрс нэмэх хэрэгтэй. Бид багш нараа өндөр цалинтай болгож чадах хэмжээний ард түмэн. Төсөв мөнгийг нь л шийдчих юм бол ганц Засгийн газрын үед л шийдэгдчих ажил. Ингээд ирэхээр өрсөлдөөн бий болно. Илүү чадварлаг, сурлага сайтай хүүхдүүд багш болдог үе ирнэ. Дэлхийн жишиг энэ. Хөгжингүй орнууд ийм жишгээр л явж ирсэн байдаг. 

-Чадварлаг, цалин сайтай багш нар байхад л манай боловсролын асуудал шийдэгдчихнэ гэж үү? 
-Энэ бол нэг л тал нь. Нөгөө тал нь сурах бичгийн асуудал. Үнэхээр замбараагүй болсон. I-XII ангийн сурах бичгүүд хоорондоо уялдаагүй байдаг гэвэл та итгэх үү. Дэвшсэн шатны мэдлэг тэр бүр тусаагүй. Сурах бичгийн судалгааг багш нараараа хийлгэсэн ганц жишээг дурдахад л, есдүгээр ангид үзсэн сурах бичгийн агуулга арван нэгдүгээр ангид нь давтагдаад, тэр ч бүү хэл чанар нь улам муудаад алдаатай болчихсон байх жишээтэй.

Мөн агуулгын хувьд биологийн хичээл гэхэд дан ангилал зүй их болчихсон, цээжлэн тогтоолгоход чиглэсэн агуулга түлхүү байдаг. Иймэрхүү жишээ их. Тэгэхээр сурах бичиг, түүний туслах хэрэглэгдэхүүнийг зоригтой шинэчилж гаргах хэрэгтэй байна. Бас нэг том асуудал бол сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангахад яам онцгой анхаарах хэрэгтэй байна. Сайд болгон гарч ирж өөрчилдөг. Жишээлбэл Ё.Баатарбилэг сайд гарч ирээд "сайжруулсан хөтөлбөр" нэртэй болгож, түүндээ тааруулан сурах бичгийг шинэчлэх ажил хийсэн нь цагаа олсонгүй. Хүүхдүүд бүхэл бүтэн нэг сар сурах бичиггүй явсан шүү дээ.

Уг нь олон улсын ЖАЙКА байгууллага "Та нар арван жил тутамдаа хөтөлбөрөө өөрчилж бай" гэж зөвлөсөн байдаг юм. Тэр хооронд тасралтгүй судалгаа хийгээд, сүүлийн дөрвөөс таван жилд нь шинэ цөм хөтөлбөртөө бэлтгэж байгаад 11 дэх жилдээ өөрчлөх жишээтэй. Сурах бичгээ таван жил тутамд өөрчлөх нь зүйтэй байдаг. Манайх бол жил болгон шахуу өөрчлөөд байна. Шинэчлэлийг нэн даруй хийх хэрэгтэй байна л даа. Гэтэл манайд боловсролын шинэчлэл гэхээр сургалтын орчны шинэчлэлийг л яриад байдаг. 

-Тэгвэл боловсролын шинэчлэлийн ажил юунаас эхлэх ёстой юм бэ? 
-Түрүүнд хэлсэн багш бэлтгэх тогтолцоог нэн яаралтай өөрчлөхөөс эхлэх учиртай. Чадварлаг боловсон хүчнийг хэрхэн боловсролын салбарт татах вэ. Төрийн албаны хуулийг өөрчлөх хэрэгтэй. Багшдаа зориулсан тусдаа хуультай болох хэрэгтэй. Багш нарыг маш сайн шигшиж авдаг болох хэрэгтэй. Хамгийн чадварлаг, хамгийн сэтгэлтэй, хамгийн мундаг хэсэг нь багш болж байж энэ нийгэм өөрчлөгдөнө. 

-Хуультай боллоо гээд өөрчлөгдөнө гэж үү? 
-Багш нараа тэжээчих хэмжээний төсөвтэй болгохын тулд эхлээд багш нарын эрх зүйн статусыг нь тогтвортой болгох хэрэгтэй байна л даа. Тэгээд хамгийн эхэнд 15 -аас дээш жил ажилласан багшийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд зоригтой алхам хэрэгтэй. 10-15 жил дээрээ л ихэвчлэн өөр салбарруу явчихдаг хандлага ажиглагдаад байгаа юм. Яагаад гэвэл гэр бүлээ тэжээж чадахгүй болчихож байна. Залуу байхад сэтгэл зүрх, эрч хүчээрээ яваад байдаг. Тэгээд гэр бүлтэй болоод ирэхээр үнэндээ хэцүү болж байна шүү дээ. Гэтэл таван жил ажиллаж байж сая багш болж, арван жил болохоороо ид гялалзах үедээ орж ирдэг. Харамсалтай нь яг энэ үе дээрээ өөр салбарруу явчихаад байгаа юм. Үүнийг л нэн даруй шийдэж өгөхийн тулд хууль хэрэгтэй. 

- Сурах бичгийн тухайд? 
- Сурах бичгийг тогтворжуулж, аажмаар өөрчлөх хэрэгтэй. Нэг жилийн дотор бүх сурах бичгийг хуу сольчихож болохгүй. Хугацаа хэрэгтэй. Маш уялдаа холбоотой, мэргэжлийн нэг чадварлаг багийн гараар хийгдэх ёстой ажил. Анги бүрт өөр өөр баг байж болохгүй. Бага, дунд, ахлахын сурах бичгийн баг гэж байж болно. Ингэж сайн сурах бичиг хийгдэнэ. Шинэчлэлийн хамгийн эхний үр дүн багш дээр гараад тэгээд сурах бичиг, хөтөлбөр гээд уялдаатай явах учиртай. Ер нь хөтөлбөр энэ тэрийг өөрчлөх гээд байгаа бол болохгүй байгаа зүйлүүдийг нь л засах хэрэгтэй. Түүнээс биш үндэс сууриар нь өөрчилнө гэж байхгүй. Шинэчлэл гэвэл болохгүйг нь засаж, болохыг нь тогтворжуул гэсэн санаа. "Би өмнөх сайд нарын ололтыг үргэлжлүүлнэ " гээд зоригтой хэлдэг, хийдэг сайд хэрэгтэй байна. 

-Та Боловсролын тухай залуучуудад зориулж юу гэж хэлмээр санагддаг вэ? 
-Багш болоорой. Монгол улс эдийн засгийн хямралд автсан 1996 онд Азийн хөгжлийн банкны “Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр” нэртэй төслийг хэрэгжүүлэх хүрээнд олон мянган багш нарыг ажлаас халсан нь Монголын боловсролд хар түүх болж үлдсэн байдаг. Та бараг итгэхгүй байх. Орон тооны хувьд илүүдсэн гэж үзсэн багш нарыг “дахин багшлахгүй” гэсэн амлалтын бичигт гарын үсэг зуруулан нэг удаагийн олговор олгоод багшлах ажлаас нь хөндийрүүлэн явуулж байжээ. Ийм хэцүү цаг үеийг Монголын багш нар туулсан юм шүү. 

Гэтэл багшлах гэдэг хүний амьдралд хамгийн их буян хураадаг, өөртөө биш өрөөлд сайн сайхныг бэлэглэдэг хамгийн сайхан үйл. Оюуны цараатай, сэтгэлгээ гүн, чадварлаг, өндөр боловсрол эзэмшсэн залуучуудыг Монголын дараа үеийнхэнд багшлаасай гэж би хүснэ. Чи хэрвээ өөрөө мундаг чадалтай байвал чиний шавь тийм болно. Шавь тань хөгжвөл Монголын олон залуу тийм болно. Бид гуравхан саяулаа. Түүхэнд гүйцэтгэх нэг хүний үүрэг өндөр. Ийм учраас би чадалтай залуус боловсролын салбарт зүтгэж, багшлаасай. Бид ч гэсэн залуусын чадварлаг, мундаг хэсэг нь багш болохыг мөрөөддөг нийгмийг бий болгохоор ажиллаж байна.