Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 12 Сарын 16

Агаарын бохирдлыг бий болгогч хүчин зүйлсүүд хийгээд цаашид ямар арга хэмжээ авбал зохилтой талаар үе үеийн холбогдох албаныхан юу хэлж байв. Үүнийг “Байр суурь” булангаараа онцлон хүргэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол: Авто машины тоормоз гишгэх тоолонд агаар бохирдуулагч бодис ялгаруулдаг

Улаанбаатар хот хуучин машины цуглуулгын газар болсон.  Агаарын бохирдлыг бууруулахын тулд цаашид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнэ тарифыг бууруулах, айл өрх цахилгаанаар халаалтаа шийдэж байгаа тохиолдолд шөнийн цахилгааны урамшуулал олгох, авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Евро 4, 5 стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, 7-оос дээш насжилттай авто машины импортыг үе шаттай хязгаарлах, авто машины улсын үзлэгийн оношлогооны чанарыг сайжруулж, хорт утаа үйлдвэрлэдэг авто машиныг нийслэлд явуулахгүй байх, Улаанбаатарын дугуй, хуучин муу гутал түлдэг эмзэг бүлгийн зорилтот айл өрхийг сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай хэмээж байсан. Өдгөө түүний хэлсэн ажлууд үе шаттайгаар хийгдээд явж буйг та бүхэн харж байгаа биз ээ.

Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шөнийн эрчим хүчний тарифыг тэглэхээр Засгийн газраас шийдвэр гаргасан. Мөн сайжруулсан түлшний үнийг бууруулж айл өрхүүдээ дэмжиж байна.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат: Дэлхийд жилдээ 3.2 сая хүн агаарын бохирдлоос болж нас бардаг

Тэрээр “манай улсын хувьд хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны нэгдүгээрт амьсгалын тогтолцооны өвчин орж байгаа бөгөөд өвчлөлийн үзүүлэлт  Улаанбаатарын утаа хамгийн ихтэй Сонгинохайрхан дүүрэгт өндөр хувьтай гарч байна. Агаарын бохирдол амьсгалын замын өвчлөлөөс гадна нөхөн үржихүйн өвчлөлийг нэмэгдүүлж байдаг. Судлаачдын судалгаагаар уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь нь өвлийн улиралд, үүнээс 53 хувь нь агаарын бохирдолттой холбоотой. Мөн  өвөлд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байгаа судалгаа гарсан” гэдгийг онцолж байлаа.

 “Гамшгийн эсрэг үндэсний төв” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Ганбаатар “Сайжруулсан зуух тараалаа. Гэвч тэр зуухнаас ялгаруулсан үнс нь буцаад агаарыг бохирдуулж байна. Хамтад нь шийдэх ёстой”.

“Монголын усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Баасандорж “Амаар орсон утаанаас илүү уушгинд нэвтэрсэн утаа аюултай. Авто машиныг улсын үзлэгт торгууль төлөхгүй гэж оруулах бус агаарын бохирдлыг бууруулахын тулд оруулдаг байх ёстой” гэв.

Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Б.Цогтбаатар “Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулах, цаашид нэмэгдүүлэхгүй байх, насжилт өндөр, хуучин авто машиныг үзлэгт тэнцээгүй бол шууд хөдөлгөөнд оролцохыг хориглох хэрэгтэй”  байр сууриудыг өнгөрсөн удаад илэрхийлж байсан юм.