ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮДЭЭ ГАДААДАД СУРГАЖ БАЙНА

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 12 Сарын 22

Монголын уул уурхайн хөгжлийн түүчээ Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид өнөөдөр түүхэн олон дээд амжилтын эзэд болон хөгжиж байгаа нь хүний нөөцийн бодлоготой шууд холбоотой юм. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэр залуу ажилныг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэн, сурч хөгжих хүсэлтэй олон залуусын мөрөөдлийг биелүүлсээр байна.

Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Рентген шуурхай шинжилгээний лабораторийн хэсгийн дарга Д.ОТГОНБААТАР

     -Би Эрдэнэт үйлдвэртээ 18 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд залуусыг хөгжүүлэх хүний нөөцийн бодлогын хүрээнд хоёр удаа мэдлэг боловсролоо дээшлүүлсэн. Эхлээд 2008 онд, дараа нь 2010-2012 онд үйлдвэрлэлийн менежментийн чиглэлээр ОХУ-д суралцаж магистрийн зэрэг хамгаалж ирсэн. Эрдэнэт үйлдвэрт залуу ажилтнуудаа дэмжих хөтөлбөр өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байна. Манай хэсгээс олон залуу үйлдвэрийн зардлаар гадаадад суралцаж байгаа. Үйлдвэрийн ирээдүйн хөгжилд үр ашгаа өгөх хөрөнгө оруулалт, маш хэрэгтэй хөтөлбөр гэж боддог. Биднийг анх ажилд орж байхад орос мэргэжилтнүүд олноороо ажилладаг байсан. Тэднээс ихийг сурсан. Одоо үйлдвэр маань 100 хувь үндэсний, ТӨҮГ болоод бидний хийж бүтээх үе ирээд байна. Энэ ачааг үүрэлцэхэд, Эрдэнэтэй үйлдвэрээ ашигтай, амжилттай ажиллахад залуус бидний мэдлэг боловсрол, хүч чадал, хувь нэмэр их нөлөөтэй. Иймээс үйлдвэрийнхээ сайн сайхан хөгжлийн төлөө хичээж ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байна.    

Ил уурхайн уулын мастер Н.ЭРДЭНЭТУЛГА: 

     -Би 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн залуу боловсон хүчнийг дэмжих бодлогын хүрээнд ОХУ-ын Уул уурхайн их сургуульд суралцаж, машин үйлдвэрлэл мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан. Одоо Ил уурхайдаа уулын мастераар ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр маань залуу боловсон хүчнээ сурч боловсроход дэмжлэг үзүүлж, хүсэл мөрөөдлийг нь хөглөж ажилладагт бид баярладаг. Залуусын оюуны хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт нь Эрдэнэт үйлдвэр улс орны төсөвт оруулж байгаагаас илүү хувь нэмэр юм шиг санагддаг. Гадаадын өндөр хөгжилтэй улс оронд залуу ажилчидаа сурч боловсрох нөхцөл боломжоор бүрэн хангана гэдэг угтаа Монголын хөгжилд оруулж буй бас нэгэн том нөлөө юм.    

ЗМЗ-ын Цутгуурын цехийн суурь машины оператор Б.БАТ-ЭРДЭНЭ: 

     -“Би 2014 онд Эрдэнэт үйлдвэрт Хамтын гэрээний 2.4 заалтын дагуу ээжийнхээ оронд ажилд орсон. Уурхайчин гэр бүлд өсөж, уурхайчин удмыг залгамжилж яваагаараа бахархдаг. Манай үйлдвэрт өөрийгөө хөгжүүлэх, бүтээлчээр ажиллах нэгэн боломж нээлттэй байдаг нь сайн саналын систем. Бүтээмжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор би 2018 онд шилдэг 100 ажилчдын 38-д жагссан. Харин 2019 онд 137 санал гаргаж, 76-г нь амжилттай хэрэгжүүлж шилдэг 100 сайн санал гаргагчийг тэргүүлсэн. Сайн санал гаргасныхаа төлөө өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн ажилтны нэг сарын дундаж цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал аваад зогсохгүй бүтээлч сэтгэлгээтэй ажиллаж, амьдрах эрч хүч, урам зориг өөртөө суулгасан. Түрүү жил Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас ОХУ-д нарийн мэргэжлээр суралцах хөтөлбөр зарлахад сонгон шалгаруулалтад тэнцэж, гадаадад суралцах 22 залуугийн нэгээр шалгарч, одоо ОХУ-ын Екатеринбург хотын Уралын их сургуульд металлургич инженер мэргэжлээр суралцаж байна. Үйлдвэрийн ирээдүйн мэргэшсэн инженерийн нөөцөд бэлтгэгдэж байгаадаа үнэхээр баяртай явдаг. Эрдэнэт үйлдвэр маань гадаадад суралцах хугацаанд сургалтын, замын, байрны гээд бүх төлбөрийг даагаад зогсохгүй ажлын байр болон цалин хөлсийг маань хадгалж, зөвхөн хичээлдээ анхаарч шамдан суралцах нөхцөлийг бүрдүүлэн оюуны маш үнэтэй хувь нэмэр оруулдагт баярладаг юм. 

М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС