ОРЧНЫ БОХИРДОЛ ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ?

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2021 Оны 1 Сарын 4

˗ Агаар
Нүүрсний шаталт, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны явцад хорт бодис ялгаран агаарын хэвийн бүтэц, шинж чанар өөрчлөгдөхийг агаарын бохирдол гэнэ. Агаар бохирдуулагч түгээмэл бодисууд: SO2, NO2, PM (PM10, PM2.5), CO, O3.
Агаарын бохирдол нь амьсгал, харшил, зүрх судас зэрэг өвчлөлийг нэмэгдүүлэх, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжил, бие махбодын физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, дархлалын түвшинг бууруулдаг болохыг тогтоосон байна.


˗ Ус
Усны бохирдол гэж ямар нэгэн бодис усанд орсноос байгалийн унаган төрхөд нь сөрөг нөлөө илрэхийг хэлнэ. Усны бохирдолд бактери, шимэгч хорхой, вирус зэрэг биологийн бохирдуулагч ба нитрит, хар тугалга, мишьяк, цацраг идэвхит нэгдлүүд зэрэг химийн бохирдол орно. Айл өрх, үйлдвэр аж ахуйн нэгж, газар ашиглалт, хөдөө аж ахуй, газар тариалан, гадаргын бохир усаар ус бохирддог. Төрөл бүрийн нян, ялангуяа халдварт өвчний нян үүсэх нөхцлийг бүрдүүлдэг аюултай. ДЭМБ-ын мэдэгдсэнээр хүн төрөлхтнийг өвчлүүлж буй халдварт өвчний 80 гаруй хувь нь ундны усны хомсдол, бохирдолт зэргээс шалтгаалдаг байна.


˗ Хөрс
Хүний үйл ажиллагааны улмаас химийн хүнд металлууд, цацраг идэвхит бодисууд, нефтийн нүүрс усууд, эрдэс бордоонууд хөрсөнд буухыг хэлнэ. Хөрсний бохирдол гадаргын болон газрын доорх ус болон агаарыг бохирдуулж, олон төрлийн халдвар дамжин халдварлах зам болдог хорт нөлөөтэй.


˗ Дуу шуугиан
Хүний амьдрах орчинд тархаж бие, сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн физик гарал үүслийн хувьд өөр өөр бөгөөд далайц ба давтамж нь санамсаргүйгээр өөрчлөгдөх эмх цэгцгүй олон авианы цогцыг шуугианы бохирдол гэнэ. Эрүүл ахуйн үүднээс шуугиан нь ашигтай дуу авиаг хүлээн авахад саад болж, нам гүм байдлыг алдагдуулах, бие махбодид хортой, цочроох нөлөө үзүүлэх, ажиллах чадварыг бууруулдаг.


˗ Цацраг
Байгаль цаг уурын онцлог, цацраг идэвхит бодисын орд газар, цацраг идэвхит бодисын эх үүсвэр, ашиглалт, нарны цацрагийн байдлаас болж цацрагийн бохирдол үүснэ. Цацрагийн их тун эс, эдийн хүнд гэмтэл үүсгэж, бага тун нь цацрагийн үйлчлэлд өртсөн хүний дараачийн үр удамд ч илрэх хавдрын өвчин, удамшлын гажиг үүсгэдэг ба цацрагийн үйлчлэл хүнд үхлийн аюулд ч хүргэдэг.


˗ Гэрэл
Гэрэлтүүлэг зохистой хэмжээнээс хэтрэхийг гэрлийн бохирдол гэнэ. Зохисгүй байх гэдэг нь шөнийн тэнгэр, од харагдахгүй болтол хэт их гэрэлтүүлэг хийхийг хэлнэ. Гэрлийн бохирдол нь эрчим хүч их хэрэглэхээс гадна хүн, амьтдын биологийн хуваарьт нөлөөлж, эрүүл мэндэд хохирол учруулдаг.


˗ Хог хаягдал
Хүний хэрэглээний зүйлсээс үлдсэн болон хэрэглээнээс гарсан материалын үлдэгдэл юм. Байгалийн унаган төрх алдагдах, бохирдолх, орчин тойронд тааламжгүй үнэр тархах, нян бактери үржих, экологийн тэнцвэр алдагдах, хүн болон орчны экологийн тэнцвэр алдагдах зэрэг сөрөг нөлөөтэй.