Нийслэл ирэх онд нэг их наяд 642.4 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2021 Оны 11 Сарын 29

Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт болж, Нийслэлийн 2022 оны төсвийн төслийн талаар хэлэлцсэн юм. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь өнгөрсөн оны батлагдсан төлөвлөгөөнөөс 42.5 хувиар өссөн дүн юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд ирэх онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 40 хувь нь нийслэлийн төсөвт төвлөрнө. Мөн цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн орлого 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрөхөөр байгаа юм. Ийнхүү нийслэл дүүргийн төсвийн орлогын бүтцэд томоохон өөрчлөлт орж байгаа нь нийслэлийн төсвийн орлогын хэмжээ дээрх байдлаар өсөх нөхцөлийг бүрдүүлсэн аж.  

Төсвийн төсөлд тусгагдсанаар 2022 онд нийслэлийн төсвийн орлогын 86.8 хувь буюу 1 их наяд 426 тэрбум төгрөгийг татварын орлогоор бүрдүүлнэ. Харин үлдэх 13.2 хувь буюу 216.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр тооцжээ. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот дүүргээр нь авч үзвэл, хотын шуудын төсөвт 467.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 28.5 хувийг бүрдүүлэхээр байна. Харин дүүргүүдийн төсөвт 1 их наяд 174.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 71.5 хувийг тус тус бүрдүүлэхээр урьдчилсан тооцоолол гарчээ. 

Тэгвэл нийслэлийн төсвийн урсгал зардлын төсөлд дараах томоохон зардлуудыг тусгасан байна. Үүнд: 

  • 2022 онд нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй төсвийн байгууллагуудын төрийн албан хаагчийн цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд нийт 112,9 тэрбум төгрөг 

  • Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны болон харьяа төсөвт байгууллагуудын барилга, байгууламжийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 61.2 тэрбум төгрөг 

  • Холбогдох хуулийн дагуу 155.9 мянган ахмад настан, 47.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 107.4 мянган оюутан, 13.1 мянган мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, 5340 цагдаагийн алба хаагчийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих нөхөн олговрын зардалд 36.7 тэрбум төгрөг 

  • Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү санхүүжилт, сургуулийн автобусны үйлчилгээний дэмжлэгт 130.4 тэрбум төгрөг 

  • Нийслэл дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд нийт 110.5 тэрбум төгрөг 

  • Сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалтын зардалд 33.5 тэрбум төгрөг 

  • Хууль эрх зүйн өөрчлөлтийн хүрээнд төрийн өмчийн 152 сургууль, 266 цэцэрлэг, 9 дүүргийн спорт хороо, 4 эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын байр ашиглалтын үйлчилгээний зардалд 47.9 тэрбум төгрөгийг 

  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 13 тэрбум төгрөг 

  • 2.5 мянган иргэнд онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмжид 1.8 тэрбум төгрөг, олон нитийн оролцоог түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 1.6 тэрбум төгрөг нийт Нийгмийн халамжийн сангийн зардалд 3.4 тэрбум төгрөг 

  • Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд 13.4 тэрбум төгрөг 

  • Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод шилжүүлсэн Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцны Монгол Улсын хөгжлийн банкны хүүгийн төлбөрт 1.1 тэрбум төгрөг 

  • Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд зориулж үүссэн орон нутгийн зээллэгийн 2021 оны хүүгийн төлбөрт 7 тэрбум 895.1 сая төгрөг 

  • Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхэд 6.1 тэрбум төгрөгийг тус тус төсвийн төсөлд тусгалаа. 

  • Бичил бизнесийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх зардалд 4.8 тэрбум төгрөгийг төлөвлөсөн. Энэ нь нийслэлийн төсвөөс 2014-2016 онд олгосон зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хөрөнгөөс бүрдэх болно. 

Дээрх зардлуудыг төсвийн төсөлд тооцон тусгаснаар нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт нийт 698.8 тэрбум төгрөгийн урсгал зардал зарцуулахаар байгаа ба 479.2 тэрбум төгрөг ба 479.2 тэрбум төгрөг буюу 68.6 хувийг хотын шуудын урсгал зардал, 219.6 тэрбум төгрөг буюу 31.4 хувийг 9 дүүргийн урсгал зардал тус тус эзэлж байна.