Америкчууд бохирын усаа цэвэршүүлж уудаг

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2018 Оны 5 Сарын 22

Манай Монгол жорлонгийн бохироо ч ундны цэвэр усаар зайлуулдаг бол цаана чинь америкчууд бохирын хоолойн усаа цэвэршүүлэн ундандаа хэрэглэхэд бэлдэж байна.

АНУ-ын Техас мужийн Уичито-Фолс хот бохир усыг цэвэршүүлж боловсруулан, ундандаа хэрэглэдэг анхны хот болохоор зэхэж байгаа аж. Уичито-Фолс хотод 3 жил дараалан ган гачиг тохиосон тул бохирын хоолойгоор урсдаг усаа дахин цэвэршүүлж хоол ундандаа хэрэглэх шаардлага үүсчээ.

Хотын мэр Гленн Бархэм “Ундны усны хэрэглээг маш хатуу хянаж, хязгаарлалт тогтоосон ч усны хомсдол арилсангүй. Бид 7 хоногт нэг удаа машин угаадаг бүх газраа хаадаг. Мөн хотын иргэд усны хэрэглээгээ гуравны нэгээр бууруулж, усаа хэмнэж байгаа. Хэдий тийм ч манай усны нөөц 2 жилийн дараа дуусна” гэж ярилаа.

Усны хомсдолыг шийдэхийн зэрэгцээ Уичито-Фолс хотын оршин суугчид өөр хот руу дүрвэж байгаа асуудлыг зогсоохын тулд хотын захиргаа ийм өвөрмөц шийдвэр гаргажээ. Одоо барих 13 миль урт хоолой (21 км) нь бохирын усыг цэвэршүүлэх заводыг ундны усны үйлдвэртэй холбох юм байна. Тэгэхээр хотын иргэдийн хэрэглэсэн ус, тэр бүү хэл жорлонгийн бохирын ус хүртэл дахин цэвэршин ариутгагдаад буцаж цэвэр усны кранаар гоожно.

Энэ мэдээ хотын ихэнх оршин суугчийг шоконд оруулжээ. Иргэн Марисса Оливерас “Аймаар балиар юм, жорлонгийн суултуурын усыг ариутгаж цэвэрлэн ууна гэдэг бодол жигшил зэвүүцэл төрүүлж байна. Иймээс би савтай ус нөөцлөх болно” гэж мэдэгдлээ.

Харин иргэн Кира Смит “Цэвэршүүлсэн бохир ус мэдээж стандарт-д нийцэх байх. Гэхдээ би ийм усаар хоол хийж чадахгүй. Нэлээд их мөнгөө савласан усанд үрэх байх даа” гэж сэтгүүлчдэд ярилаа.

Хотын захиргааны төлөөлөгч Даниэль Никс “Цэвэршүүлж ариутгасан ус аюулгүй, бас цэвэр байх болно. Тэгээд ч бохирын хоолой руу цутгаж байгаа усны ихэнх нь жорлонгийнх биш, харин галын өрөөний болон ванны, угаалгын машины ус байдаг. Бид ус цэвэршүүлэх ажиллагааг хурдасгана. Одоо хэдэн долоо хоног болдог бол бид хлор ашиглан хэдхэн минутад цэвэршүүлнэ. Түүнчлэн бид шүүлтүүрийн технологи, эсрэг осмосын арга хэрэглэж, бактериудыг устгах юм” хэмээжээ.

Хотын дарга Бархэм “Анхны цэвэршүүлсэн усыг би өөрөө эхэлж амсах болно. Хотын маань ихэнх иргэд төрөлх нутгаа хөгжүүлэхийн төлөө ийм усыг ямар ч эргэлзээгүй ууна гэж би итгэж байна” хэмээн мэдэгдлээ.

Эцэст нь өгүүлэхэд, монголчууд бид одооноос эхэлж, цэвэр усаа хайр гамтай зарцуулж хэвшихгүй бол хэдэн арван жилийн дараа Америкийн энэ хотод нүүрлэсэн аюул манайд тулгарч магадгүй юм. Хамгийн гол нь жорлон, машин угаалгын газар зэрэгт ундны цэвэр ус биш харин бохирын хоолойн усыг цэвэршүүлж хэрэглэх талаар төр засгийн байгууллагууд анхаарах цаг болжээ.

Зургийн тайлбар: Энэ бол далайн давстай усыг ундны ус болгон боловсруулах цогцолбор. Байгалийн хийн олборлолтоос болоод АНУ-ын Уичита-Фоллз хотод усны түвшин 40%-иар унахад энэ цогцолборыг барьсан. Удахгүй хажууд нь бохирын хоолойн усыг цэвэршүүлэн, унданд хэрэглэх зориулалттай шинэ цогцолбор сүндэрлэнэ.

Орчуулагч М.Цогзолмаа.