"Олон улсын балет" анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2018 Оны 6 Сарын 7

Монголын балетын бүжгийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор "Олон Улсын Балет" тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг тэмцээнд оролцох гадаадын уран бүтээлчдийг http://mongolianballet.com цахим хаягаар, харин дотоодын оролцогчдоо "Монголын балет хөгжлийн сан"-гийн байранд 3 насны ангиллаар бүртгэв.

Тэмцээн нийт 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд дотоодын оролцогчдын эхний шатны шалгаруулалт 2018 оны 05 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд, гадаадын уран бүтээлчдийн шалгаруулалтыг 05 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд зохион боллоо.

Энэ жилийн "Олон Улсын Балет" тэмцээнд нийт дотоодын 150 гаруй, ОХУ-н Якут, Буриад, БНСУ, Сингапур, Япон, БНХАУ-уудын 30 гаруй бүжигчид оролцож туршлага солилцон шилдгээ шалгаруулж дараагийн шатанд өрсөлдлөө. Тус тэмцээний шагнал гардуулах ёслол 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр УДБЭТ болж өндөрлөлөө.