Газрын доорх усны нөөц ба уул уурхайн ус ашиглалтын өнөөгийн байдал

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2018 Оны 6 Сарын 13

Монголын усны нөөц 40 жилийн өмнө 608,300 сая м3/жил  байсан бол 2017 оны байдлаар 564,800 сая м3/жил болж буурсан мэдээ бий. Манай орны усны нөөцийг төрөл, хэмжээ, эзлэх хувиар нь хүснэгтээр дор үзүүлэв.

Төрөл

Нөөц, сая м3/жил

Эзлэх хувь, %

Нуур

500,000

88.6

Гол, мөрөн

34,600

6.1

Мөнх цас, мөсөн гол

19,400

3.4

Газрын доорх ус

10,800

1.9

Нийт

564,800

100.0

Усны нөөц ийнхүү багасаж, хомсдож байгаа өнөөгийн нөхцөлд хэрэглээ нь эсрэгээр өсөх хандлагатай болоод байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны судалгаагаар 2017 онд улсын хэмжээнд нийт 554 сая м3/жил ус хэрэглэж, ашигласны 90 орчим хувь нь газрын доорх ус байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дангаараа 81 сая м3/жил ашиглажээ. Уул уурхайн салбарт ажилчдын унд-ахуйн ус, үйлдвэрлэлийн технологийн ус, ил, далд уурхайн тоосжилт дарах, тоног төхөөрөмж хөргөх, машин болон тоног төхөөрөмжийн угаалга, гал унтраах ус гээд хэрэглээ өндөр байдаг.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээгээр газрын тос олборлолтод гидрогеологийн цооногуудаас жилд 200-1500 мянган м3/жил ус олборлож ашигласан. Уул уурхайн салбар ус хэрэглээнийхээ 58 хувийг алтны шороон орд, 29 хувийг Зэсийн баяжуулах үйлдвэрт ашигладаг. Эх үүсвэрээр нь авч үзвэл нийт ус хэрэглээний 47 хувийг гүний худаг, шүүрлийн ус, 12 хувийг шавхалтын ус, 7 хувийг гадаргын ус эзэлдэг аж.

Манай орны газрын доорх ус өөрийн өвөрмөц онцлогтой, тухайлбал нөөцийн хэмжээ бага, үүсэж бүрэлдэн тогтсон цаг хугацаа харьцангуй эртний, найрлага, орон зайн хувьд харилцан адилгүй, жигд бус тархалттай юм. Газрын доорх усны нөөцийг сэлбэх үүрэгтэй хур тундасны тэжээмжийн хэмжээ маш бага, Говийн бүсэд 1 хувь орчим гэж судлаачид үздэг билээ. 4388 гидрогеологийн цооногийн (өрөмдмөл худгийн) өгөгдөхүүнд дүгнэлт хийж үзэхэд дундаж гүн 73 м, усажсан чулуулгийн зузаан дунджаар 22 м, 150 м-ээс доош усны эрдэсжилт өндөрсөх гэх мэт онцлогууд илэрдэг.

2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд газрын доорх усны 306 орд нээгдсэн байгаа ч артезийн сонгодог хэлбэрийн орд одоог хүртэл олдоогүй байна. Газрын доорх усны ордуудын ихэнх нь Дорно-Өмнийн говьд нээгдсэн. Говийн бүсэд өнөөгийн байдлаар 53 орд нээгдсэн, батлагдсан нөөц нь 140,417.3 м3/хон, таамаг нөөц 343,105.3 м3/хон. Хүн амын унд, ахуйд тохирох цэнгэг устай 38 орд (60,670.1 м3/хон),  эрдэсжилт ихтэй 15 орд (79,747.2 м3/хон) байна.

Уурхайнуудыг Усны сав газраар авч үзвэл Умард говийн гүвээт-Халхын дундад талд 34 хувь, Туулд 19 хувь, Хэрлэнд 14 хувь, Галба-Өөш-Долоодын говьд 6 хувь гэх мэтээр хуваарилагдана. Уул уурхай эрчимтэй хөгжиж буй Өмнөговь нь Галба-Өөш-Долоодын говийн сав газарт багтана. Манай орны  нутаг дэвсгэрийн 11 орчим хувийг эзлэх Өмнөговь аймгийн газар нутагт газрын доорх усны нөөцийн 3 хувь нь байдаг. Иймээс Өмнийн Говийн газрын хэвлийд байгаа арвин их эрдэс баялгийг олборлох, баяжуулахад хангалттай усны нөөц байна уу гэсэн асуултад хариулах бэлэн хариулт одоохондоо алга.

Олон уурхай нээгдэж, уул уурхайн цогцолбор байгуулагдах гэж байгаа Өмнийн говьд, тухайлбал, Таван толгой орчимд Балгасын Улаан нуур (404.19 л/с), Мандах-Бумбат (31.2 л/с), Онгийн Улаан нуур (100.0 л/с), Таван алд (131.7 л/с), Борзонгийн говь (345.9 л/с), Зайрмагтай (29.4 л/с), Наймант (117.0 л/с), Наймдай (112+63.65+69.1=244.75 л/с), Оюу толгой орчимд Гүний хоолой (918.0 л/с), Галбын говь ( Р зэргээр 427.9 л/с), Нарийн заг (С2 зэргээр 75.23 л/с), Ханбогд сумын төв (С1 зэргээр 2.14 л/с) гэсэн газрын доорх усны ордууд бий. Хэдийгээр цөөнгүй газрын доорх усны орд байгаа ч уул уурхайн салбар хөгжиж өргөжихийн хэрээр усны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Ханбогд сумын нутаг дэвсгэр дээр байрладаг Оюу толгойн баяжуулах үйлдвэр ойрын ирээдүйд 1200 л/с, шинээр баригдах Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр жилд 220 л/с ус ашиглах тооцоо гарч байгаа юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Говийн бүсэд ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүд, тэдгээрийн ус хэрэглээг хүснэгтэд өгч, эзлэх хувийг диаграммаар харуулав.

Д/д

Төслийн нэр

Байршил

Хамрагдах сав газар

Усны хэрэглээ,  сая м3/жил (л/с)

Ус хэрэглээний эзлэх хувь, %

1

“Шивээ-Энержи” цахилгаан станц (4500 МBт)

Говьсүмбэр аймаг. Шивээговь сум.

Умард говийн гүвээт-Халхын дундад тал

 

15,700.0 (498)

 

17

2

Оюу толгойн уурхай (бүрэн хүчин чадлаараа ажиллахад)

Өмнөговь аймаг. Ханбогд сум.

Галба-Өөш, Долоодын говь

34,690.0 (1100-1200)

 

37

3

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр

Өмнөговь. Ханбогд сум.

Галба-Өөш, Долоодын говь

6,938.0 (220)

 

7

4

Таван толгойн цахилгаан станц (450 МВт)

Өмнөговь. Цогтцэций сум.

Галба-Өөш, Долоодын говь

 

1,261.0 (40)

 

1

5

Таван толгойн нүүрс баяжуулах үйлдвэр

Өмнөговь. Цогтцэций сум.

Галба-Өөш, Долоодын говь

1,440.0 (46)

 

2

6

Тавантолгойн нүүрс хийжүүлэх үйлдвэр

Өмнөговь. Цогтцэций сум.

Галба-Өөш, Долоодын говь

30,000.0 (951)

 

32

7

Цагаан суваргын зэс-молибдений үйлдвэр

Дорноговь. Мандах сум.

Галба-Өөш, Долоодын говь

1,905.0 (60)

 

2

8

Газрын тос боловсруулах үйлдвэр

Дорноговь. Алтанширээ сум.

Галба-Өөш, Долоодын говь

2,000.0 (63)

 

2

 

Нийт

 

 

93,934.0 (2978)

100

Уул уурхайн ийм их ус хэрэглээг дан ганц газрын доорх усаар хангах боломж хязгаарлагдмал учир нэмэлт эх үүсвэр олох, хэмнэлттэй ашиглах, шинэ боломжуудыг эрэлхийлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Ус хангамжийг нэмэгдүүлэх хэд хэдэн арга зам байж болох юм. Үүнд:

1. Гадаргын усыг ашиглах. Орхон, Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийн усан сан байгуулж, шар ус, үерийн усыг голлож Говь руу алс хол дамжуулан ашиглах, хэрэглэх. Ингэснээр уул уурхайгаас гадна ус дамжуулах трасс дагуух хот суурин, газар тариалан, мал аж ахуй, ногоон байгууламж, ан амьтан цэвэр усаар хангагдах таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна;

2. Газрын доорх усны өргөн хүрээний, системтэй геофизикийн болон өрөмдлөгийн эрэл-хайгуулын ажил өрнүүлэх хэрэгтэй юм. Ингэснээр газрын доорх усны олон шинэ ордыг илрүүлэх боломжтой;

3. 1.0 мг/л-ээс илүү өндөр эрдэсжилттэй, хатуулаг ихтэй, харьцангуй гүний усыг уул уурхайн технологит ашиглах;

4. Технологит ашигласан усыг олон дахин, алдагдалгүйгээр эргүүлэх, ууршилтаас хамгаалах;

5. Ус бага зарцуулдаг техник, технологи нэвтрүүлэх;

6. Говийн бүсийн цэнгэг усны ордыг орон нутгийн хамгаалалтад авах. Уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ оршин суугчдын ундны усанд одооноос анхаарах нь зүйтэй;

      7. Хот, суурингийн гүнзгий цэвэршүүлэлт хийсэн саарал усыг уул уурхайд ашиглаж эхлэх;

      8. Уурхайн үйл ажиллагаагаар усны байгалийн горим, шингэн зүйн холбоо алдагдах эрсдэлтэй байдаг учир шүүрэлтийн усыг зүгээр нэг зайлуулах биш, бүрэн дүүрэн ашиглах нь олон талын ач холбогдолтой.

9. Дээрх хувилбаруудаас заримыг нь хослуулах хувилбар ч байж болох юм.

Монгол Улсад Усны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн өндөрлөг дээрээс эргэж харахад санал бодлоо солилцон засаж залруулах, сайжруулж боловсронгуй болгох, инновац нэвтрүүлэх, нарийвчлан судлах гэх мэт ус хэрэглээ, ус хангамжтай холбоотой олон асуудал шийдлээ хүлээж байна.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төслийн мэргэжилтэн, доктор П.Хөхөө