“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2018 Оны 6 Сарын 20

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар Засгийн газар төлөвлөж байна.

Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм.   

Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлж эхлэхээр боллоо.  

Хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, ордыг түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөөд байна.

Ингэснээр Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болно. Мөн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд борлуулах, өрсөлдөх чадвараа нэмэх, дэд бүтцээ хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр боллоо.

Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна

Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Тавантолгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар өөрчлөв.

Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн талбайд нүүрс буулгах, ачих явцад байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг бага байхаар зохион байгуулалт хийж ажиллахыг холбогдох сайд нар, аймгийн Засаг даргад даалгав.

Засгийн газар өмнө нь шуурхай арга хэмжээ авч 100 гаруй км үргэлжилж байсан нүүрс тээврийн автомашины цувааг арилгасан. Гэвч өнгөрсөн гуравдугаар сараас дахин дараалал үүсч эхэлжээ. Тухайлбал Цагаан хадны гаалийн баталгаат агуулахаас Гашуунсухайт боомт хүртэл богинын тээвэр хийж байгаа автомашины цуваа 23 км болж өссөн байна. Мөн Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгжээс Цагаан хадны гаалийн баталгаат агуулах хүртэл тээвэр хийж байгаа автомашины цуваа 39 км болж сунажээ.

Нэг удаагийн нийлэг уутыг ирэх хавраас хориглоно

Өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна.

Дашрамд дурьдахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Цэвэрхэн наадацгаая” аян санаачилсан бөгөөд дээрх шийдвэр нь энэ хүрээнд хийх цогц ажлын нэг нь юм.

Хилийн чанадад байгаа иргэддээ туслах сангийн дүрмийг шинэчлэв

Сангийн дүрэм, зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын хурлаар хэлэлцэн шинэчлэхээр болов.

Энэ нь гадаад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд тогтмол тулгардаг эрх зүйн туслалцааны хүсэлтийн гадаад хэлээрх орчуулгын зардлыг гаргах зохицуулалт бий болгох зорилготой юм.

Манай улсын 150 мянга гаруй иргэн гадаадад оршин сууж байгаа бөгөөд эрх ашиг нь зөрчигдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь нэмэгдсээр байна. “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан” нь 2009-2017 онд өргөдөл гаргасан иргэдэд Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан 1.3 тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Сангийн хөрөнгийн 40-50 хувийг нас барсан иргэний шарилыг эх оронд нь авчрахад зарцуулдаг  байна. Үлдэх хувийг гадаадад ял эдэлж байгаа иргэдээ эргэх, гэмт хэргийн улмаас хохирсон, эд хөрөнгөө гээж төлбөрийн чадваргүй болсон иргэдийг эх оронд нь буцаах зэрэгт олгодог судалгаа гарчээ.

Сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн буцалтгүй тусламж, хандиваас бүрддэг юм.