“Болор цом 36” наадмын тэргүүн байрыг шүлгийг толилуулж байна

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 1 Сарын 7

 

Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн тэгш ойтой давхцан энэ сарын 5-ны өдөр “Болор цом-36” наадам болж өнгөрлөө. Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын байранд болж өнгөрсөн энэ удаагийн уралдаанд “Талархлын шүлэг” бүтээлээрээ яруу найрагч Б.Баттулга тодорлоо. Тэрээр Болор цом наадмаас өмнө найман удаа тусгай байрын шагнал хүртэж байсан удаатай. "Болор цом-36" наадмын эхний таван байрын хоёрдугаарт яруу найрагч И.Баярсайхан, гуравдугаар байранд яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байранд яруу найрагч Д.Одгэрэл, айргийн тавд Б.Жамбалдорж оржээ.

“Болор цом 36” наадмын тэргүүн байр эзэлсэн шүлгийг толилуулж байна

Гүн ухааны сүлжээ бодролууд

ОРШИЛ

Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансарын тоолол юм

Морин хийл уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх

Нандин тийм цэцэрлэгээс бурханы амьсгал эгшиглэнэ

Хувь заяаг минь зурсан бийрч бурхан талархъя

Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя

Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя

Ирэх шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Ирмэх нүдний нулимс минь торгон өвсний шүүдэр юм

I

Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Будрах цасны ширхэг энэ л шувуудын гунигтай

Хул хамбан үдшээр болорхон хундаганаа сөгнөх

Цэл залуу гуниг хоолойд торсон нулимстай

Сэтгэлийнхээ гэрлийг би нүднээс чинь олж түүв

Сэмбэрүү цэцэг чинь тэгэхээр газрын гоёмсог нүд юмсан уу

Гэрлийн хүрээлэлд дунирах намар цагийг чинь

Гэзэгний чинь сүлжээнд зангидаж хадгалж үлдэхсэн

Ийм найдвартай хадгаламжийг ертөнцөд үзэшгүйеэ

Эрдэнийн алтан хайрцаг гэдэг чинь дурдатгалыг хэлдэг юм

Эрвэгэр алаг нүд чинь намрын нуурыг зохиожилвоос

Эргэн эргэх шувууг сэтгэл гэдэг юм аа

Буурал морины минь алхаанд он цаг шигшрэхэд

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм

II

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм

Бугуйн цаг минь урсаад мөнгөн горхийг дүрлэх юм

Цас будрахыг харах нас урсахыг мэдрэхтэй адил

Чиний ирэхийг анирдах ингэ ботголохыг хүлээхтэй адил

Мөнгөн амтай хээр нь мөндөр шилгээн товолзоно

Мөнх бусын орчлонг эрвэлзэсхийгээд туулна

Ганган хатиртай хээр нь газар товчлон дөмөлзөнө

Ганц олдохгүй замбууг гайхуулсхийгээд туулна

Намар болоод өвлийн заагийг товлоод хэрэггүй еэ

Цагаан өнгөнөөс би бүх өнгийг олоод

Цас үнэрлээд би орчлонг хураангуйлж чадна

Модны чөлөөт үндэс хэвлий дотроо сунайтал

Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь

III

Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм

Монголын талд гөрөөс янзгалах нь шүлэг шиг совин юм

Ихээ дээр эргэлдэх бүргэд өөр ертөнцийн элч юм

Ийм тансаг орчлонд амьдрах минь алтанхан тавилан юм

Могой зүүдлэхэд хүүтэй болохоо яаж мэдээд

Моносны цэцэг дэлгэртэл бүсгүй хүн баярлана вэ?

Адуу эвшээхэд аз тохиохоо яаж мэдээд

Алтан ятга уянгалтал эр хүн баярлана вэ?

Унага тамгалсан найран дээр чинь гэрэлтэнхэн суумаар аа

Уянга тамгалсан хайраар чинь гийнхэн дэлгэрмээр ээ

Совинт буурал хорвоод зоргоор зөнгөөр урсаад

Соёмбоны гал шиг дүрэлзсэн яруу найрагч билээ, би

Молзог зүрхэнд тэнгэрийн шэрэл зааж мишээх

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

IV

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Нууц тарнийн хураангуй нууц байхдаа л сайхан юм

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Нарны шулга хонх шулганаж байхдаа л сайхан юм

Усны цэврүү хагарангуут л доторхоос нь туулай дэгдэж

Уран торгон цэцэгсийн мандал дотор бүрэлзэнэ

Салхины дотор талаас хэнз унага гүйж

Сарны зүүдийг сарнитал дотно халуунаар үүрсэнэ

Ийм тунгалаг орчлонд амьдарч явах сайхан юм

Ихээ сайтар тунгаавал амьдраагүй байсан ч сайхан

Морь буусан шагай шиг босоо хийморьтой эр хүн

Монголынхоо буян заяаг дааж явах учиртай юм

Мөрөөдөн мөрөөдөн дууллаа чиг мөр нь үлдэх хорвоогийн

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

V

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

Мөөмөө санасан хүүгийн зүүд шиг орчлон доо

Үүрд бусын ховст хүрээлэн сэтгэлд дэлгэрнэ

Үрээ хүлээсэн ээжийн гэрэлт зөн шиг хорвоо доо

Магнайд чинь тодрох мэлмийнээс маанийн үсэг тодоръюу

Мянган бурхан залрах сайн цагийн дэлхий дээ

Зүрхнээс чинь дэлгэрэх хайраас тарнийн үсэг нисэлдюү

Зүйлийн бурхад морилох зүмбэр сүмбэр хорвоо доо

Гангарч хатирах хээр минь нэгэн цагт тэнгэрт нэгдьюү

Галын заль шиг хийморийг ямагт дэгдээж амьдаръюу

Мөн ч дотно халуунаар залбиран хүлээсэн юмсан

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

VI

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

Мөргөлийн жимээр шувууд ирэх нь хайрын дохио ёо

Үргэлж чамайг бодох хайрын шидэт дохиурыг

Өргөж зогсоо сахиусан тэнгэрийг үзэсгэлэнт Венера л гэдэг дээ

Нүдэн нуур долгилоход дагаж долгилох сэтгэл минь

Нөмгөн мананд жингэнэх тарнийн цэцэг мэт ээ

Гангар гунгар дуунд нь тэнгэрийн шилтгээн үзэгдэх

Галуу болоод ангир жигүүртэй хөгжим мэт ээ

Гэрэл сүүдэр урссан торгон огтлолцолт хорвоо дээр

Гэнэт шийдээд хүн болж төрсөндөө баярлавч баршгүй

Тиймийн учир би бурхны зүүдэнд амьдарч

Тэлмэн хонгор аялгуу болсондоо догдловч баршгүй

Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх сэн

VII

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх

Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан

Түг түмэн жил хязгааргүйд гэрлээ түгээж

Төгөлдөх орчлонг гийгүүлэх монгол аялгуутай од байхсан

Уулсын царамд цэцгийн үр тэтгэдэг Усны гүнд чулууны судал өнгөлдөг

Голын аминд хөх заль бадраанам