Яруу найрагч Д.Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 1 Сарын 23


Монгол Улсын Шинжлэх ухааны академиас Яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхээр болжээ. Тодруулбал, 2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр болжээ.

Нобелийн шагналд зохиолчоо нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлээд байсан юм. Академи холбогдох хурлаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Д.Урианхайг сонгохоор санал нэгджээ. Шинжлэх ухааны академи энэхүү саналаа Монголын зохиолчдын эвлэлд хүргүүлсэн байгаа бөгөөд удахгүй тэд хуралдаж, баталгаажуулах юм байна. Нэгтгэсэн санал буюу нэр дэвшигчийн мэдүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний дотор Шведийн нобелийн хороонд мэдэгдэх ёстой. Нобелийн шагналд нэр дэвшүүлэх зохиолч нь орчин үеийн утга зохиолын төлөөлөгч байх бөгөөд эдүгээ амьд сэрүүн, уран бүтээлээ туурвиж байх шаардлагатай байдаг аж.

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайг 2018 онд мөн Нобелийн ъУтга зохиолын шагналъ-д нэр дэвшүүлж байсан юм. Мөн тэрбээр 2017 онд БНСУ-д болсон “Азийн өглөө” фестивалиас “Азийн тэргүүн найрагч” цол хүртсэн билээ.

Норвег дахь Нобелийн хороо нэр дэвшигчдийг 2018 оны есдүгээр сараас эхлэн шалгаруулах ажлаа эхлүүлдэг бөгөөд 2019 оны хоёрдугаар сарын 1-ээс өмнө нэр дэвшигчийг сонгодог юм байна. Түүний дараа хоёр, гуравдугаар сард Нобелийн хорооныхон нэр дэвшигчийн хийсэн ажлыг үнэлж, дүгнэж, богино жагсаалт гаргадаг бөгөөд түүний дараа гурваас наймдугаар саруудад мэргэжилтнүүдээс үнэлэлт, дүгнэлт хүлээж авдаг байна. Ингээд ирэх аравдугаар сард Нобелийн шагналд нэр дэвшигчийг тодруулж, арванхоёрдугаар сард шагналыг нь гардуулдаг байна.