Д.Оросоо: Хууль хяналтын байгууллагад байдаг буруу практик бол баасан гаригт саатуулж, баривчилдаг явдал

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 2 Сарын 27

Цагдан хорих байранд амиа алдсан шүүгчийн талаар болон үүнтэй холбоотой зарим асуудлаар хуульчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.Нийгмийг цочроон гарч буй сүүлийн үеийн хэргүүд бүгд төрийн байгууллагуудтай холбогдож байгаа учраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариуцлага хүлээж сайн дураараа огцрох хэрэгтэй гэдгийг хуульчид онцолж байна.

– Ц.Нямдорж сайдын улс төр нь ихдээд гэмт хэрэгтэй тэмцэх, яамыг бодлогын хувьд дэмжих ажлаа хийхгүй байна-

Та сая хэлэхдээ заавал амралтын өдөр дамнуулан барьж хорьдогоо болих хэрэгтэй гэж. Ер нь манайд баривчилгааг баасан гаригт явуулдаг жишиг тогтсон байна. Энэ нь байцаагдаж буй хүндээ ямар хүндрэлтэй байдаг вэ?

Манай хууль хяналтын байгууллагат байдаг буруу практик бол баасан гаригт саатуулж баривчилдаг явдал юм. Энэ нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй явдал. Маргааш нь амралтын өдөр таардаг учраас өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах боломж хомс байдаг. Амралтын өдрийг тааруулж цагдан хорих ажиллагаа явуулдаг байдлаас татгалзмаар байна.
Он гарснаас хойш Хууль зүйн яамны харьяа хэд хэдэн газруудад хүний амь настай холбоотой хэд хэдэн хэргүүд гарлаа. Гэтэл Хууль зүйн яамнаас нэг ч мэдэгдэл хийсэнгүй?
Эдгээр хэргүүдтэй холбоотойгоор Хууль зүйн яамнаас иргэдийг мэдээллээр хангах болсон хэргийн талаар яам өөрийн байр суурийг илэрхийлэх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг ч мэдээлэл хийсэнгүй. Үүнээс үүдэлтэйгээр иргэдийн дунд бухимдал үүсэх нь аргагүй юм.

-Гарсан хэргүүдтэй холбоотой асуудлаар яамны сайд мэдэгдэл хийхгүй явах нь байж болох асуудал уу?

Энэ талаар УИХ-ын гишүүд ч ярихдаа “Ц.Нямдорж сайд яамныхаа ажлийг хийхгүй улс төр хийгээд яваад байна гэж” бүгд хэлж байна. Ц.Нямдорж сайдын улс төр нь ихдээд гэмт хэрэгтэй тэмцэх, яамыг бодлогын хувьд дэмжих ажлаа хийхгүй байна.

-Сая амиа алдсан хуульч байцаагдаж байсан хэдий ч төрийн хамгаалалтад байж байгаад амиа алдлаа. Хариуцлагыг хэнтэй ярих уу?

Төр тухайн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалалтандаа авч байгаад тэнд ажиллагаа явуулсан хэрэг. Тухайн үед гарч болох эрсдэлийг бүгдийг тооцоолоод ажиллагаа явуулж байгаа юм. Тийм орчинд хүн амиа хорлоно гэдэг нь бараг л боломжгүй зүйл.

-Энэ хэрэг тухайн өдөр ээлжинд гарч байсан албан хаагч нар ажлаа өгөөд хэрэг өндөрлөж байвал энэ үнэхээр харамсалтай хэрэг болон хувирч байна?

Тийм. Бодлогын хувьд ажил үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид болон дээшээ шат шатны газруудад хариуцлага үүрүүлэх ёстой л доо. Тэгэхгүй бол он гарснаас хойш бараг цуврал хэрэг шиг л хэргүүд ар араасаа гарч байна. Бид өнөөдөр ямар нийгэмд амьдраад байгаа юм. Хүний амь нас эрсдсэн хэргүүд энгийн үзэгдэл шиг боллоо. Энэ Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болж байна.

-Та нар ҮАБЗ-д сонордуулга хүргүүлж байгаа гэсэн. Сонордуулга хүргүүллээ гээд өөрчлөлт гарах уу?

Бид ҮАБЗ-д өөрсдөө сонордуулга хүргүүлж байгаа. Бодлогын түвшинд анхаарч үзээд ажил болгоно гэж найдаж байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр хүний эрх, эрх чөлөө гэдэг нь Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг нь байдаг. Заавал газар нутаг, тусгаар тогтнол гэдэг дээр Үндэсний Аюулгүй байдлыг хаязгаарладаггүй.