“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой мэдээллийг нууцаас гаргалаа

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 2 Сарын 27

Засгийн газраас өнөөдөр /2019.02.27/ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын шийдвэр бүхий 11 хавтаст материалыг нууцын зэрэглэлээс гаргахаар болсон байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын 32-р тэмдэглэлээр  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдаж авах хөрөнгөгүй учраас давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” корпорацид худалдах тухай танилцуулгыг хаалттай хуралдаанд хийсэн. Худалдаа хөгжлийн банкны О.Орхон өмчлөлийн хувьд энэ хуралдаанд оролцож байгаа гэдгээ тодотгосон байгаа юм. Энэхүү хуралд “Монголын зэс” корпорацийн Ц.Пүрэвтүвшин оролцсон. Энэхүү хуралдааны тэмдэглэлийг нууцын зэрэглэлд оруулсан байсныг ийнхүү өнөөдөр Засгийн газраас нууцын зэрэглэлээс гаргаж байна. УИХ-аас 49 хувийн төрийн өмчит авах 23-р тогтоол гарсан. Энэ тогтоол Үндсэн хуулийн Цэцээр зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон байдаг. Гэтэл “Монголын зэс” корпораци шүүхэд хандаж, гурван шатны шүүхэд Засгийн газар унасан байгаа. Шүүхэд ялагдсан долоон шалтгааны нэг нь Худалдаа хөгжлийн банк болон “Монголын зэс” корпораци хоорондоо хамааралгүй гэсэн заалт бий. Гэтэл нууцаас ил гарсан материалд дээрх хоёр компани  санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай  гэдгийг тухайн үеийн хурал дээр хэлж байсан байна” гэлээ.