“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ НЭР ТОМЬЁОНЫ АСУУДЛААР САНАЛ НЭГТГЭХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ НЭР ТОМЬЁОНЫ АСУУДЛААР САНАЛ НЭГТГЭХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар хэрэгжүүлж буй хууль тогтоомжид тусгагдсан нэр томьёоны ашиглалтын бодит нөхцөл байдлыг нотолгоонд суурилсан судалгааны үндэслэлтэй гаргаж, тулгамдаж буй асуудал, цаашид нэр томьёог оновчтой хэрэглэх зорилгоор эрдэмтэн, судлаач, холбогдох мэргэжилтнүүдийн анхааралд энэ асуудлыг хандуулах “Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой нэр томьёоны асуудлаар санал нэгтгэх” хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, Их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаач багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нийт 40 гаруй төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлгээр “Хөгжлийн бэрхшээлийн салбар дахь нэр томьёоны асуудал” судалгааны тайланг танилцуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүн, тусгай хэрэгцээт хүн, ялгаатай хэрэгцээтэй хүн, тохирох хэрэглэгдэхүүн, боломжит хэрэглэгдэхүүн, мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөрийн нөхөн сэргээлт, эмнэлгийн нөхөн сэргээлт, нийтлэг загвар, түгээмэл загвар, тэгш хамруулах боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол зэрэг үгнүүд дээр дүн шинжилгээ хийж, цаашид хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулан судалгааны ажлыг өргөжүүлж хийхээр боллоо.