Б.ЖАВХЛАН: ШИНЭ АВТОБУСЫГ ИМПОРТЫН ГААЛИЙН ТАТВАР, НӨАТ-ААС 2024 ОН ХҮРТЭЛ ЧӨЛӨӨЛНӨ
Манай улсын 2023 оны төсвийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.
Тухайлбал, Хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулах үйлдвэрүүдэд 2027 он хүртэл гаалийн татвараас бүрэн чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Мөн Хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж, нээлттэй компани болж буй тохиолдолд хувьцааны ногдол ашгийн татварыг 5 хувь болгон бууруулна. Гэхдээ үүнд уул уурхайн салбар хамаарахгүй аж. Мэдээллийн технологийн компаниудын гадаад руу шилжүүлж буй гүйлгээний суутган татварыг таван хувиар бууруулж, гарааны компаниудыг эхний гурван жил татвараас чөлөөлдөг байсныг таван жил болгож нэмэгдүүлэхээр болжээ. Түүнчлэн, шинэ автобусыг импортын гаалийн татвар, НӨАТ-аас 2024 он хүртэл чөлөөлөх бөгөөд шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлнэ гэв. Ингэснээр 0-10 сая хүртэл орлоготой иргэд хуучнаараа буюу 10 хувийн татвараа төлнө. Үүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулах зохицуулалттай. Тухайлбал, 11 сая төгрөгийн орлоготой бол 10 саяд нь 10 хувийн татвар, илүү нэг саяд нь 15 хувийн татвар ногдуулах юм.