"ГУРИЛЫН ҮНЭ 50 ХУВИАР НЭМЭГДЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН"
Гурилын үнэ нэмэгдсэн асуудлаар Монголын гурилын үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөгөөний гүйцэтгэх захирал Н.Мөнхсүрэн “Монгол Улсад өнгөрсөн жил 12 гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан бол 2022 оны байдлаар найман гурилын үйлдвэр тогтвортой бусаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус найман гурилын үйлдвэр нь 1,000 орчим хүнийг ажлын байраар хангадаг, мөн 900,000 тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай.
Нэг тонн улаа буудайгаас 75 хувь нь гурил, 25 хувь нь хивэг болж гардаг. Мөн улаан буудайнхаа чанараас хамаараад дээд гурил, нэгдүгээр гурил, хоёрдугаар гурил гэсэн ангилалтайгаар бүтээгдэхүүн гарч байгаа.
Гэтэл дотоодын зах зээл 340 мянган тонн улаан буудай болон 240-260 тонн гурилын хэрэгцээтэй байгаа. Сүүлийн таван жилийн хугацаанд дотоодоосоо 60-70 хувийг, бусад улс орноос 30-40 хувийг худалдан авч түүхий эдийнхээ хэрэгцээг хангасаар ирсэн.
Өнгөрсөн жил бид улаан буудайг 700 төгрөгөөр худалдан авч нэгдүгээр гурилыг 1,000-1,100 төгрөгөөр борлуулж байсан. Харин энэ жилээс улаан буудайн үнэ яагаад нэмэгдсэн бэ гэвэл улаан буудайн тарьдаг үр 980 мянга байсан бол 1,400,000 төгрөг буюу 15 хувь, бордоо 1,800,000 байсан бол 3. сая төгрөг болж 110 хувь, түлш шатахуун нийт 50 хувиар тус бүр үнэ нь нэмэгдэж, ажиллах хүчний зардал нэг дахин өссөнтэй холбоотой" гэв.
Үргэлжлүүлэн, газар тариалангийн холбооноос 1,000,200 төгрөг буюу нийт 71 хувийн үнийн өсөлтөө нийтэд зарлаж, боловсруулах үйлдвэрт албан ёсоор мэдэгдсэн талаар онцлов.
Үүнтэй холбогдуулан боловсруулах үйлдвэрийн ажиллах хүчний зардал 20 хувь, техник хэрэгсэл урсгал зардлын өртөг 20 хувь, нийтдээ үйлдвэрлэлийн зардал 40 хувиар тус тус өссөн. Иймээс гурилын үнэ 50 хувиар нэмэгдэх буюу улаан буудайн үнэ 1.6-1.8 сая хүртэл үе шаттайгаар өсөх нөхцөл байдал үүссэнийг албан ёсоор мэдэгдэж байна хэмээв.