БҮТЭЭЛ УНДРУУЛСАН ЭРДЭНЭСИЙН ТЭЭВЭРЧИД
Манай үйлдвэрийнхэн Уул уурхайн 100 жилийн ойг угтаж, “100 бүтээлч ажил” хийх уриалга гарган, дор бүрдээ идэвхийлж байгаа. Автотээврийн цехэд энэ ажил хэрхэн өрнөж буйг сурвалжлахаар бид манайхны ярьж заншсан “Белазын гарааш”-ийг зорив. Тэнд биднийг тус цехийн Бүтээмж, инновацийн мэргэжилтэн Б.Лхагважаргал угтлаа. Автотээврийн цехийнхэн энэ хүрээнд таван ажил амлан авч, өдгөө гурвыг нь бүрэн дуусгаж, хоёрыг нь гүйцэтгэх шатандаа яваа аж. Бүтээмжийн мэргэжилтэн энэ бүсгүй Үйлдвэр техникийн товчооны инженер Э.Өлзийнарантай хамтран өвөрмөц нэгэн ажил хэрэгжүүлж буй гэсэн.
Тэрбээр: “Манай үйлдвэрт компьютер, дагалдах хэрэгслүүдийг эд хариуцагчид хэлэлгүйгээр хоорондоо солих зэрэг тохиолдол түгээмэл байдаг. Үүнээс шалтгаалан үндсэн хөрөнгийн тооллогын үеэр бүртгэлээс зөрөх, тоологч нар цаг хугацаа алдах зэрэг алдаа дутагдал гардаг. Энэхүү алдааг арилгахын тулд бид компьютер, дагалдах хэрэгслүүдийн эдийн дугаараар QR код үүсгэн, мэдээллийн сан бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэхүү санг бий болгосноор тооллого хийж буй ажилтан гар утаснаасаа тухайн хөрөнгийн үйлдвэрлэгдсэн он, өртөг, нийлүүлэгдсэн хугацаа, техникийн үзүүлэлт, зураг, хариуцагч, бүртгэлээс хасагдсан эсэх зэрэг мэдээллийг авах боломжтой болно. Ингэснээр дээрх асуудлын шийдлийг олох боломж бүрдэх юм. Бидний энэ ажил одоогийн байдлаар 50 хувьтай явна. Эхний ээлжинд энэ төслөө цехдээ нэвтрүүлж, үр өгөөжтэй байвал үйлдвэр даяар хэрэгжүүлнэ” гэв.
Дараагийн бүтээлч ажлын тухай уншигчдадаа хүргэхээр “Тип-топ” дугуй засварын газраар орлоо. Энд томоос том дугуйнуудыг эгнүүлэн тавьжээ. 130 тоннын даацтай белаз машины дугуй ойролцоогоор 3,3 метр өндөр, обудгүйгээр 2,1 тонн жинтэй гэж байгаа. Тип-топ дугуй засварчин Т.Ганболд шавийнхаа хамт дугуй нөхөөд бидний ирснийг анзаарсангүй. Бүтээмжийн менежер нь түүнийг Тип-топ технологиор мэргэшсэн, Монголдоо цөөхөн засварчдын нэг. Ганболд ахаас суралцах, туршлага судлахаар энд тэндхийн уурхайгаас олон хүн ирдэг гэж магтав.
Т.Ганболд бүтээлч ажлынхаа талаар: “Бид белазын дугуйн обуд суух амсар хэсгийг нөхөх төсөл хэрэгжүүллээ. Өнгөрсөн хугацаанд ачиж, буулгах, тээвэрлэх явцад дугуйн обуд суух амсрын хэсэгт цуурах, урагдах гэмтэл нэлээн гарсан. Резиний гэмтлийг бид нөөц бололцоогоо ашиглан засдаг байсан. Дугуйн бүтцийн карказан дахь гэмтэл бол засварлахад нэлээн төвөгтэй ажил. Тухайлбал, дугуйн амсрын хэсэгт битүүмжилсэн цагиргийн тросс таван үе хэсэгчлэн тасарсан. Үүн дээр халуун цавуу түрхэн резинэн дүүргэлт хийсний дараа резинийг 175 хэмээр халаан шахаж, дулааны боловсруулалт хийсэн. Тусгай зориулалтын амсар чанагчгүйгээс суудлын тэрэгний дугуйн резиний дулаан боловсруулалт хийдэг тоног төхөөрөмж, өөрсдийн зохион бүтээсэн хэвийг ашиглан энэ ажлыг гүйцэтгэлээ. Белазын дугуй дунджаар 109 мянган км явах төлөвлөгөөтэй. Тэгвэл заримдаа 19, 10 мянга яваад манайд ирж байна. Ачих, буулгах, тээвэрлэлтээс шалтгаалан резинэн дугуй цоо шинээрээ ч урагдаж, цуурах нь бий. Белаз машины резинэн дугуйн карказ дээрх гэмтэл жилд 3-4 гардаг. Зах зээл дээр Белазын дугуй 71 сая төгрөг орчим байдаг. Төслийн үр дүнд дугуй засварлахад эдийн засгийн нэлээн үр ашигтай болох нь үүнээс харагдаж байна” гэв. Ийнхүү дугуйн карказ дахь гэмтлийг анх удаа засварласан нь цаашдаа ч үйлдвэрт багагүй хэмнэлт гаргах юм байна.
Тус цехийн цахилгаанчид 150 тонны даацтай зөөврийн өргүүрийг шинэчилсэн бас нэгэн төсөл санаачилжээ. Энэхүү өргүүр 130 тонны Белазын засварын бүсэд байв. Овор багатай ч, чадал ихтэй энэ өргүүрийг шинэчлэх болсон шалтгаан, үр ашгийн талаар Авто тээврийн цехийн Эрчим зүйн товчооны цахилгаан засварын ахлах мастер М.Энхбаяр ийнхүү ярив.
Манай 130 тонны даацтай Белаз төлөвлөгөөт үйлчилгээ хийх зэргээр сард хоёр удаа засварт орж ирдэг. Энэхүү өөрөө буулгагч автомашины тэнхлэг тохируулах, цахилгаан хөдөлгүүр, дугуй засварлах солих гэхчлэн ажлуудад зөөврийн өргүүр ашигладаг. Ашиглалтын явцад уг өргүүрийн удирдлагын хэлхээ болон тогтмол гүйдлийн цахилгаан хөдөлгүүрт гэмтэл гарсан. Бүтээмж чанарын Синхрон дугуйлангийн цахилгаанчин Д.Ганбат санаачлан, дугуйлангаараа дотоод нөөц бололцоогоо ашиглан, уг зөөврийн өргүүрийг шинэчлэн засварласан. Ингэхдээ уг өргүүрт тогтмол гүйдлийн хөдөлгүүр болон удирдлагын хэлхээ ашигладаг байсныг өөрчилж, хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүр, удирдлагатай болгосон. Хоёр ч домкрадыг ингэж дахин ашигласан. Хийцийн хувьд анх үйлдвэрлэгдсэн хэв шинжээ алдаагүй, мөн бүтээмж буураагүй, засвар үйлчилгээ хийхэд илүү хялбар болсноороо онцлогтой. Энэхүү үндсэн хөрөнгө нь 47 сая орчим төгрөгийн үнэтэй бөгөөд ашиглалтын хугацаа бараг дуусаж байсан. Хоёр өргүүрийг ийнхүү засварласнаар 90 орчим сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн бий болгосон” гэв.
Ийнхүү Автотээврийн цехийнхэн ухааны болон гарын ураа уралдуулан, шинийг санаачилж, цехдээ, үйлдвэртээ үр ашгаа өгсөн бүтээл төрүүлсээр байна.