“ХҮНИЙ ЭРХ БА ЖЕНДЭР” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Засгийн газрын хэрэг Эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Хүний эрх ба жендэр” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Уг сургалтад Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль эрх зүй, хүний эрхийн асуудал хариуцсан хорооны дарга, Төлөөлөгч, Хурлын нарийн бичгийн дарга нар биечлэн оролцлоо. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль эрх зүй, хүний эрхийн асуудал хариуцсан хорооны дарга, Төлөөлөгч, Хурлын нарийн бичгийн дарга нар цахимаар оролцож, санал бодлоо солилцов.
Сургалтаар хүний эрхийн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлагын тухай, ажлын байрны дарамт хүний эрхийн зөрчил жендэрт суурилсан хүчирхийлэл ба ажлын байрны бэлгийн дарамт сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ. Мөн ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, гомдол гаргах, шийдвэрлэлтийн кейс судалгаа хийж багаар ажилласан юм.
Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөл, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул, доктор Д.Сүнжид нар хүний эрх, жендэрийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, шийдлийн талаар төлөөлөгчидтэй харилцан, ярилцлаа.