МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСЫГ ХАМГААЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, УРИАЛГА ГАРГАЛАА

МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСЫГ ХАМГААЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, УРИАЛГА ГАРГАЛАА

    Уламжлал ёсоор 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Нэн түрүүнд ХАБ” бага хурал энэ жил зохион байгуулалтын хэлбэр, хамрах хүрээ, зорилго, хамтын шийдэл гаргах үйл явц өвөрмөц боллоо. Бага хурлын хүрээнд эрчим хүч, уул уурхай, зам тээвэр, барилга, эрүүл мэнд, ажилчдын хоол хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэнд сэдвээр Улаанбаатар хотод салбар хуралдаанууд зохион байгуулсан. Харин хурлын үр дүн, шийдвэр, оролцогчдын санал бодлыг нэгтгэж, зөвшилцөн гарц, шийдэл гаргахаар зохион байгуулагч, оролцогч талууд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотод өнөөдөр чууллаа. Чуулга уулзалтын үйл ажиллагааг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ, “Улсын баатар Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил улс, орон нутгийн төсөвт 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэн амжилттай ажилласан. Өөрөөр хэлбэл манай нэг ажилтан 780 сая төгрөгийн баялаг бүтээж байна” хэмээн онцлов. Мөн түүнчлэн уурхайчдынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалахад онцгой анхаарч,  ХЭМАБ-ыг бүх шатандаа хэрэгжүүлэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэн ажиллана. Дэлхийн хаана ч Монгол хүний үнэ цэн, эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлыг эрхэмлэх учиртай, гэж чуулганы агуулгыг тодорхойллоо.       

    Дээд хэмжээний энэхүү чуулга уулзалтад ХНХЯ, МХЕГ, МҮЭ-ийн холбоо, МОШПА төрийн бус байгууллагын удирдлага, төлөөлөл, баялаг бүтээгч уурхайчид оролцож эрүүл, аюулгүй ажлын байрны төлөөх нийгмийн түншлэлийг хэрхэн хөгжүүлэх талаар нээлттэй ярилцсан. Аюулгүй байдалд удирдлагын манлайлал, нийгмийн хариуцлага, хамт олны ажил хэрэгч оролцоо чухлыг түншлэлийн бүх талууд хүлээн зөвшөөрч, энэхүү соёл дархлааг үндэсний хэмжээнд төлөвшүүлж эрүүл аюулгүй ажлын байрыг хөгжүүлэх, ослыг тэглэхийн төлөө хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэдэгт санал нэгдлээ. Мөн нийгмийн түншлэлийн механизмыг бүх түвшинд жигд ажиллуулах, үр ашигтай ашиглах, Хамтын гэрээг олон улсын жишгээр хэрэгжүүлэх, хөдөлмөрийн хяналтыг боловсронгуй болгох, ХАБЭА-н мэргэжилтэй хүний нөөц бэлтгэх сургалтын тогтолцоо бий болгох, гаднаас орж ирж буй тоног төхөөрөмж, бараа материал, химийн бодист тавих төрийн хяналтыг сайжруулах, хөдөлмөрийн хуулийн шинэчлэл, ХЭМАБ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, осол, өвчлөлд өртсөн хүмүүсийн нийгмийн хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэх зэрэг санал дэвшүүлж, Засгийн газар болон УИХ-ын түвшинд, Засаг дарга болон төр захиргааны байгууллагад, ажил олгогчдод, ажилтнуудад гэсэн дөрвөн чиглэлээр уриалга гаргасан юм.