ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛСНЭЭР АЛБАН ХААГЧДЫН БҮТЭЭМЖ САЙЖИРЧЭЭ
Шинэ сэргэлтийн бодлого “Төрийн бүтээмж” туршлага солилцох чуулга уулзалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Конрад-Аденауэр-Сантай хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд орон нутгийн төрийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж байгаа үйл явцын хэрэгжилт, ач холбогдлын талаар аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга нартай санал солилцож, танилцуулга мэдээлэл хийлээ.
Арга хэмжээний эхэнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Конрад-Аденауэрын сантай хамтран Нутгийн өөрөө удирдах байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ хүрээнд өнөөдөр хэрэгжүүлсэн ажлын эерэг өөрчлөлтийг тогтвортой бэхжүүлэн үргэлжлүүлэх, алдаа дутагдлаа засан сайжруулах талаар туршлага солилцох уулзалтыг хийж байна” гэв.
Дэлхийн аль ч улс орны төрд эх орноо хөгжүүлэх томоохон төсөл, төлөвлөгөө, шинэлэг төсөөлөл байдаг. Германы улс төр ч мөн стратеги төлөвлөгөө хэрэгжүүлж, эрчим хүч, ногоон эко тээврийн хэрэгслийн шилжилтэд голчлон анхаарч ажиллаж байгаа. Энэ нь өөрөө эргэлтийн цэг юм. Эдгээр шилжилтэд эерэг, сөрөг олон талууд гарч буйг Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк онцлон хэлээд Монголын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого нарийн тооцоололтой, алсын хараатай бодлого бөгөөд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээн хэлсэн юм.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын албанд ISO-18091:2020 стандарт нэвтрүүлж буй үйл явц, гарч буй өөрчлөлтийн талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба танилцууллаа. Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд Зөвлөх үйлчилгээний байгууллагатай хоёрдугаар сараас эхлэн хамтран ажиллаж, 9 удаагийн сургалт зохион байгуулсан. 2 баг байгуулж, 50 гаруй ажил төлөвлөн ажиллаж байна. Мөн чанарын тогтолцооны гарын авлага гаргаж, үйл ажиллагааны журамдаа шинэлэг өөрчлөлт оруулсан. Ингэснээр байгууллагын эмх цэгц, албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, хөдөлмөрийн бүтээмж дээшлэх суурь тавигдсан. Түүнчлэн Хурлын Төлөөлөгчдийг мэргэжил арга зүй, мэдээ мэдээллээр хангах ажлыг цахимжуулсан олон эерэг өөрчлөлт гарч буйг дурдаад, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм.
Өнөөдрийн үр дүн, туршлага солилцох уулзалтад Сүхбаатар, Багануур дүүргийн ИТХ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газар, Ажлын алба, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нар оролцлоо.