Д.АМАРБАЯСГАЛАН: МОНГОЛ УЛС НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН НЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСНИЙ ИЛРЭЛ

Д.АМАРБАЯСГАЛАН: МОНГОЛ УЛС НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН НЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСНИЙ ИЛРЭЛ

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд өнөөдөр Төрийн ордонд “Нутгийн удирдлага 30” эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ. Хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын сайд болон Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, аймгуудын ИТХ-ын дарга, сум, дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид оролцож байна. 

 Эрдэм шинжилгээний хуралдааныг Монгол Улсын Сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Их хурал, Засгийн газраас энэ жилийн туршид Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, үндэсний эв нэгдэл, язгуур эрх ашгийг олон нийтэд сурталчлах, алдаа оноог тунгаан хэлэлцэх цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ цуврал арга хэмжээний нэг нь өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал гэдгийг онцоллоо. Тэрбээр хэлсэн үгэндээ “...өргөн уудам нутагтай, өөрийн онцлог соёл, түүхтэй, үндэстэн ястнуудын нэгдэл болсон манай орны хувьд Нутгийн иргэд өөр өөрсдийн онцлогоо давуу тал болгох, улмаар бүсчилсэн хөгжлийг өрнүүлж, хамтын ажиллагаанд тулгуурлан нийгэм, эдийн засаг, соёлын нөөц боломжоороо тэргүүлэх, оршин суугч иргэдийнхээ хүсэл зориг, амьдралын боломж бололцоог дээшлүүлэх зорилго бүхий засаглалын хэлбэр мөн бөгөөд манай улсын нөхцөлд илүү тохирсон олон улсын практик юм.Нөгөө талаас гүйцэтгэх эрх мэдэл, төлөөлөх эрх мэдлийн харилцан хяналтыг бодит болгох, төлөөллийн ардчиллын хэрэгжилт, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулж анхан, дунд шатны бодлогын хэрэгжилтийг иргэддээ ойртуулсан тогтолцоо юм. Нэг ёсондоо нутгийн иргэд төлөөллийн байгууллагаараа дамжуулан бие даах, нийгэм, эдийн засгийн хөгжлөө улс орныхоо бодлого чиглэлд нийцүүлэн өөрсдөө тодорхойлох, богино, дунд хугацаанд хамгийн хэрэгцээ шаардлагатай бодлого чиглэлийг баримтлах, хөрсөндөө буусан, хамгийн бодитой, ард иргэддээ ойр, зөв зүйтэй шийдвэрийг гаргах механизм байх боломжтой.

Энэ нь иргэн хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах, Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ эдлэх, улмаар ардчиллыг хөгжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлооход чухал ач холбогдолтой бүтэц юм.Төвлөрсөн, босоо тогтолцооны удирдлагаас татгалзаж хөндлөнгийн буюу нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг зохион байгуулсан нь хүн бүрийн ялгаатай байдал, хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсний илрэл бөгөөд өнөөг хүртэл олж авсан ололт амжилтыг бид цаашид улам хөгжүүлж боловсронгуй болгохын төлөө хамтран ажиллана.

Монгол Улс өндөр их түүхтэй, өргөн уудам нутагтай, нүүдлийн соёл иргэншлийн асар их өвийг хадгалсан, баялаг уламжлал, соёлын нэгдэл болсон орон. Нутаг орны онцлогийг шингээж, түүх соёлоо хүндэтгэн хадгалж, орчин цагийн шаардлагад нийцүүлэн хөгжихөд нутгийн өөрөө удирдах ёс онцгой үүрэг гүйцэтгэнэ. Энэ зарчмын дагуу нутгийн иргэд хамтын шийдвэр гаргах, орон нутгийн төсөв, төлөвлөгөө, бодлого, шийдвэрт иргэдийн оролцоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих чухал үүргийг иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар хүлээж байна...” гэдгийг тодотгосон юм. Мөн энэ оноос мөрдөгдөж буй Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь нийслэлийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, төсвийг иргэдийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн захиран зарцуулах, тулгамдаж байгаа асуудлыг эдийн засгийн аргаар шийдвэрлэх боломж нэмэгдүүлсэн томоохон дэвшил болсон гэдгийг хэлсэн юм. 

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг УИХ-ын гишүүн, парламент дахь Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг уншиж танилцуулсан бол, Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа уламжилсан юм.