НИЙСЛЭЛ 500 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ҮНЭТ ЦААС ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах талаар хэлэлцлээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс журмын төслийг Сангийн яамтай хамтран боловсруулж энэ оны тавдугаар сарын 24-ны өдөр 199-р тогтоолоор “Үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх” журмыг батлуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өрийн удирдлагын тухай хууль”-ийн дагуу 6 сарын 21-ны өдөр НИТХ-ын хурлаар саналаа оруулж, 55-р тогтоолоор Нийслэлийн Үнэт цаас гаргах саналыг төлөөлөгчид дэмжсэн. Уг шийдвэрээр Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу албан бичгийг сангийн сайдад хүргүүлж, Үнэт цаас гаргах шийдвэрийг долоодугаар сарын 19-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, 282-р тогтоолоор зөвшөөрөл олгосон” гэв.
Хууль эрх зүйн орчин бүрдэж, Засгийн газар, Нийслэлийн ИТХ-ын холбогдох шийдвэрүүд, Сангийн сайдын дүгнэлт тус тус гарсан тул Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, автозамын сүлжээг өргөтгөх, зам, замын байгууламжийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттай гаргах асуудлыг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх юм.