“ОЮУТОЛГОЙ”-Н ГҮНИЙ УУРХАЙН ТОГТВОРТОЙ ОЛБОРЛОЛТ ИРЭХ ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ЭХЭЛНЭ
“Оюутолгой”-
“Уул уурхайн долоо хоног 2022” уул уурхайн салбарынхны хамгийн том нэгдсэн уулзалт энэ сарын 19-23-ны хооронд Шангри-ла зочид буудалд зохион байгуулагдаж байна.
Өчигдөр, уулзалтын хоёр дахь өдөр, далд уурхайн симпозиум, үүсмэл ордын ашиглалт, аж үйлдвэржилт, сайн засаглал, ил тод байдал сэдвүүдээр уурхайчид инженерүүд, эдийн засагчид нэгэн зэрэг хуралдлаа.
Далд уурхайн симпозиумыг нээн “Оюутолгой” компанийн Гүний уурхай хариуцсан захирал Жак Вон Тондер үг хэлэв.
Тэрээр гүний уурхайн тогтвортой олборлолт ирэх оны эхний хагаст эхэлнэ гэдгийг дахин тодотгосон.
Ингэснээр зөвхөн уул уурхайн салбар гэлтгүй Монгол Улсын хэмжээнд одоо хэрэгжиж буй хамгийн өргөн хүрээний төсөл болох “Оюу толгой”-н олборлолт дараагийн шатанд гарах юм.
Рио Тинто группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал цаашид газрын гадаргууд ойр байрлалтай орд илрүүлэх нь улам ховордох тул ил уурхайгаас далд уурхайн олборлолт руу шилжих төлөв байгааг онцлов.
Иймд цаашид далд уурхайн чиглэлээр мэргэших, мэргэжлийн уул уурхайг хөгжүүлэх шаардлагатай гэсэн юм. Мөн тэрээр “Оюу толгой”-д хэрэгжүүлэх блоклон олборлох аргыг сүүлийн 20 жилд бусад улсууд эрчимтэй нэвтрүүлж, Рио Тинто групп энэ технологиор тэргүүлж байгааг дурдав. Энэ технологи хүдэр олборлолтын зардал багатай. “Оюутолгой”-гоос блоклон олборлох аргыг эзэмшсэн олон монгол мэргэжилтэн төрж, “Оюу толгой” далд уурхайн технологиороо олон улсад манлайлагч компани болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
Хэдийгээр эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж, улс, орон нутгийн төсөвт өндөр татвар төлж, олон хүнийг ажлын байраар хангадаг ч уул уурхайн салбарынханд олон асуудал тулгардаг. Нийгмийн зөвшөөрөл авч чадахгүй байх буюу орон нутгийн иргэдийн дэмжлэгийг авч чадахгүй байгаа нь зөвхөн Монголд тулгардаггүй аж. Австралид уугуул иргэдийн соёлын өвийг сүйтгэсэн, Бразилд далан нурсан зэргээс үүдэн уул уурхайн компаниуд иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.