ЗГ-ААС ЭКСПОРТЛОХ МАЛЫГ ҮРЖЛИЙН БУС БОГ МАЛ ГЭЭД ЗААЧИХСАН БАЙХАД УДМЫН САН АЛДАГДАХ АСУУДАЛГҮЙ!
Мах, малаа хилээр гаргаж эхэллээ гэдэг таатай мэдээлэл байна. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Засгийн газраас малын махыг аль, аль талаар нь экспортлох бодлого барин ажиллаж байгаа. Учир нь энэ жил ган, зуд ихтэйгээс гадна хил гаалийн асуудал тулгарч малчид махаа зарж чадахгүй, мал аж ахуй эрхлэгчид бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй зэрэг олон эрсдэл бий болоод байна.
Тухайлбал, Дорноговь аймаг 45-аас дээш тооны бог малыг амьдаар нь гаргаж эхлээд байна” гэв.
Тэгвэл малаа экспортод гаргаснаар бидэнд ямар ашигтай вэ?
Аливаа экспорт зах зээлээсээ л шалтгаална. Бид ямар улс манай бүтээгдэхүүнийг хэдээр авахад бэлэн байна гэдгийг эхний ээлжинд харах ёстой. Хятад руу мал, махаа гаргалаа хэмээн учир мэдэхгүй хүмүүсийн шүүмжүүд их өрнөх болж. Гэвч бодит байдал дээр урд хөрш хүн ам ихтэй. Эдийн засаг нь тэлж байгаа улсын хувьд хоол хүнсний эрэлт өсөж байгаа нь ойлгомжтой. Энэ нь бидний хувьд боломж гэж хэлж болно. Борлуулах бүрэн боломжтой байгаа үедээ борлуулах нь зөв. Энэ нь цаашдаа урт хугацааны бодлоготойгоо уялдаад явах л учиртай.
Малын экспорт нэмэгдсэнээр ХАА-н салбарт шинэ өөрчлөлт дэвшил авчирна. Одоогийн байдлаар түүхий эдийн үнэ уначихсан. Дөрвөөс долоон аймгийн дунд боловсруулах үйлдвэр байгуулах тухай яригдаж байгаа ч үйлдвэр байгуулагдаж ашиглалтад орох хүртэл хугацаа хол байна. Тэгэхээр зах зээл дээр аль болох хугацаа алдахгүйгээр экспортыг нэмэгдүүлэх нь зүйтэй биз. Энэ үед амьдаар нь буюу багцлаад дэлхийд өндөр үнээр зарснаар, улсад татвар төлөгдөж, малчид ч гэсэн өндөр ашиг хүртэх учраас сөрөг нөлөө байхгүй. Байгаль экологи ч сэргэнэ.
Засгийн газраас экспортлох малыг үржлийн бус бог мал гээд заачихсан байгаа. Тиймээс малын удмын сан алдагдана гэсэн асуудалгүй юм. Мөн экспортын хэмжээ монголын нийт малын тоотой харьцуулахад тун бага байна. Экспортоллоо ч гэсэн цаана нь маш их нөөц боловсруулалтгүйгээр үлдэхээр байгаа аж.