“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС МУУ ДҮН АВСАН ТҮЛШНИЙ ИЛЧЛЭГ, ХӨЛДҮҮ НҮҮРСЭНДЭЭ АНХААРААЧ ЭЭ!!!

“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС МУУ ДҮН АВСАН ТҮЛШНИЙ ИЛЧЛЭГ, ХӨЛДҮҮ НҮҮРСЭНДЭЭ АНХААРААЧ ЭЭ!!!

Нийслэлийн агаарын бохирдол ихсэж, утаа буурахгүй байна. Үүнд холбогдох албаныхан хийгээд иргэд олон нийт янз бүрийн дүгнэлт хийж буруутныг хайсаар өдийг хүрлээ. Мөн утааг бууруулах, агаарын бохирдлыг багасгах олон төрлийн оносон оноогүй санал санаачлагууд хэрэгжүүлж, туршиж үзсээр. Эцэст нь төсвийн мөнгө үрэн таран болоод л дуусдаг. Өөрөөр хэлбэл, энэ хамгийн зөв шийдэл болсон гээд хэлчих хуруу дарамхан зүйлтэй л энэ цаг үетэй дахин нүүр тулчихлаа.

Сүүлдээ бүр агаарын бохирдлыг ихэсгэж байгаа нь иргэд элдэв янзын хог, хаягдал шатааснаас үүдэлтэй гэж албаныхан нь яриад сууж байх жишээний. Харин иргэдийн зүгээс арай бодитой санал шүүмжлэлийг хэлэх нь тодорхой.

Иргэд өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжруулсан түлшний илчлэг муу, үүрмэгжсэн, уугилт их, асахдаа муу, утаа гарч байна гэж гомдол санал гаргаж байна

Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дэд дарга С.Даваасүрэн өчигдөр /2022.01.11/ News.mn мэдээллийн сайтад энэхүү хөндөгдөж байгаа сэдэвтэй холбоотой ярилцлага өгсөн байна. Түүний ярианаас үзэхэд, НМХГ-аас  “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний лабораторийн шинжилгээнд хяналт тавихад түлшний илчлэг  буурсан нь тогтоогджээ.   Энэ нь “Таван толгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаанаа удаадагтай холбоотой байх магадлалтай аж.

Мөн иргэд хөлдүү түлш ирж байгаа талаар гомдол гаргажээ. Үүнээс үзэхэд, сайжруулсан түлш чийглэг ихтэй байгаа учраас утаа ялгаруулж байх магадлал өндөр. Тиймээс “Таван толгой түлш” компанийнхан үйлдвэрлэж буй түлшний чийглэгт анхаарахад илүүдэхгүй л байх.

Түүнчлэн, “Таван толгой түлш” компани нэг хэсэг ажиллахгүй, горим алдаж байсан. Түлшээ гадаа, байгалийн аргаар хатааж байсан тохиолдол ч бий. Харин одоо бол үйлдвэрийнхээ шугамуудыг ажилд оруулсан. Цаашид хэвийн гарна гэсэн тайлбар хэлж байгаа гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн тухайн ярилцлагадаа онцолжээ.

Ямартаа ч мэргэжлийн хяналтын шалгалтаар нийгмийн эмзэг бүлгийн иргэд хог шатааж байгаа зөрчил илрээгүй байна. Харин  “Таван толгой түлш” ХХК-аас гаргаж буй бүтээгдэхүүнийхээ технологийг сайжруулах шаардлагатай байгааг тодотгожээ.

У.Мөнхнаран