БАЙР СУУРЬ: ДОТООДЫН ЦЕМЕНТИЙН ҮНИЙГ ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛТЭЙ ХАРЬЦУУЛАХ НЬ ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ
Олон нийтийн сүлжээгээр олны танил “нөлөөлөгч” эрхэм нэгэн бичлэг постолсноор хэсэгтээ Монголчуудыг ярих сэдэвтэй байлгав. Уг бичлэгт дотоодын цементний үнэ урд хөршийхөөс 3 дахин илүү байгааг, цемент хийх бүхий л түүхий эд Монголд байдгийг, барилгын үнэ үүнээс болж тэнгэрт хадсаныг мөн энэ янзаараа бол Монгол улс хэзээ ч утаанаасаа салахгүй зэрэг асуудлуудыг хөндөж татвараа буулгахыг засгийн газраас шаарджээ. Сэтгэгдэл хэсэгт Монголчууд урьдын адилаар 2 хуваагдаж нэг хэсэг нь Эрээн хотын цементний ханш 20 жилийн өмнөхтэй ойролцоо үнэтэй байгааг дурдсан бол зарим хэсэг нь цементний үндсэн орцуудыг нэрлэж “барилгыг зөвхөн цементээр баридаггүй” гэх санааг дэвшүүлэн маргаан үүсгэжээ.
Уг маргааны мөрөөр салбарын хүмүүстэй ярилцахад цементний үнэ өндөр байх хэд хэдэн шалтгаан байгаа аж.
Барилгын үнэд цементийн үнийн нөлөө хамгийн ихдээ 10 хувь.
Орчин үеийн бүх барилгын хана туурга шал таазыг “бетонддог” болсон учраас цемент яах аргагүй барилгын гол түүхий эд мөн. Гэхдээ бетон зуурмагийн орцны ердөө 15 хувийг цемент эзэлдэг ба 60-70 хувийг элс, буталсан чулуу, үлдсэн хувийг ус эзэлдэг байна. Үүнээс гадна барилгын өртөгт нөлөөлөх цементний хувь нь тун бага гэдгийг салбарын хүмүүс тодрууллаа. Монгол Банкны Статистикийн төв газрын мэдээлснээр нэгж барилгын өртөгт хамгийн их хувийг буюу 24 хувийг арматур эзэлдэг байхад цемент, бетон зуурмаг нийлээд 17 хувийг эзэлдэг байна.
Барилгын үнийн өсөлтөнд түүхий эдийн үнээс гадна нөлөөлж буй хүчин зүйлсийг дурдаад барахгүй. Цемент үйлдвэрлэгчид болон барилгын компаниуд “орон сууцны үнэ цементний үнээс зөвхөн шалтгаалахгүй, барилга тус бүрийн онцлог, хийц, байршил гэх мэт олон зүйлсээс шалтгаалж метр квадратын үнэ тодорхойлогддог” гэдгийг хэлж байна.
Цементний үнийн өсөлтөнд юу нөлөөлөв?
Засгийн газар үйлдвэрлэл, бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжинэ гэж ярьдаг ч бодит байдал дээр эсрэг үйлдлүүд хийж байгаа нь тэдэнд хамгийн бодитоор мэдрэгдэж байгаа гэнэ. Тухайлбал, 2022 оны 11-р сараас эхлэн хүнд үйлдвэрлэл эрхлэгчдэд ноогдох эрчим хүчний тариф 28 хувиар өссөн нь тэдний зардалд шууд нөлөөлж бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэж байгаа аж.
Түүнчлэн, авто тээврээс гадна үйлдвэрүүд бүгд нийслэлээс алслагдсан сум, орон нутагт байрлалтай, гол зах зээл болох Улаанбаатар хот руу төмөр замаар бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг. Харин төмөр замын ачаа тээврийн тариф 6-р сард өөрчлөлт оруулж барилгын материал тээвэрлэгчдэд ноогдуулах тарифыг 39.5 хувиар нэмсэн нь тэдэнд тооцоолоогүй зардлын дарамт үүсгэж байгаа гэнэ. Уг тарифыг нэмэх шийдвэрийг УБТЗ-аас гаргасан бөгөөд 7-р сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр болсон байна.
Дээр дурдсанчлан тэд цемент үйлдвэрлэх материалаа дотоодоос хангадаг боловч зөвхөн шохой шатааж клинкер гаргаад түүгээрээ цемент хийдэг гэдэг нь мөн адил өрөөсгөл ойлголт аж. Шохойноос гадна шавар, гөлтгөнө мөн бусад химийн бодисууд ордог ба цементийн гол түүхий эд болох клинкерийг боловсруулахад их хэмжээний сайн чанарын нүүрс ашигладаг байна.
Гэтэл нүүрсний үнэ жил тутамд өссөөр байна. Тодруулбал, 2014 онд нэг тонн нүүрс 65,000 төгрөгийн үнэлгээтэй байсан бол 2023 онд энэ дүнгээс даруй 408 хувиар өсчээ. Нүүрсний үнэ 2014-2016 онд тогтмол байсан гэж үзвэл ердөө 7 жилийн дотор ийм үнийн хөөрөгдөл гарсан нь бизнес эрхлэгчдэд хүнд туссан нь мэдээж. Энэ 408 хувийн өсөлтийн 40 хувь нь сүүлийн нэг жилийн дотор гарсан байна. Мөн технологийн нүүрс энэ оны эхэнд 100 хувь буюу 2 дахин өссөн нь үйлдвэрлэл явуулахад хүндрэл учруулж байгааг үйлдвэрлэгчид онцоллоо.
Эдгээрээс гадна тээврийн зардал гэх асуудал бүхий л салбарт хүндрэл учруулж байгаа бөгөөд энэ нь төрийн буруу бодлоготой холбоотой гэх. Зам Тээврийн Хөгжлийн яамнаас замын даацын асуудал яригдаж эхлээд MNS4598:2020стандартыг хатуу мөрдөхийг шаардаж эхэлсэн байна. Уг стандартад зааснаар тээврийн хэрэгслийн өөрийн жинг оролцуулаад тээвэр хийх нийт жин нь 44 тонн гэжээ.
Өөрөөр хэлбэл тээвэрлэгчид нэгж тээвэр тутамд 25 тонны ачаа ачна гэсэн үг. Энэ нь мэдээж тэдэнд ашиггүй учраас тээврийн компаниуд үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрч үйлдвэрлэгчдэд мөн адил хүнд цохилт болсон байна. Энэ жишгээр түүхий эдийн тээврийн үнэ 309 хувиар нэмэгдсэн байна.
Хятадтай харицуулах нь өрөөсгөл ойлголт.
Манай дотоодын үйлдвэрүүдийн цементний үнэ нэг тонн нь 380,000-400,000 төгрөг. Харин Эрээний цемент 350-400 юань, татвар, тээвэр ороод Улаанбаатар хотод 380,000-аар зарагдаж байна. Харамсалтай нь энэ тоог хараад “Хятадад ийм байгаа юм бол үнээ буулгая” гээд буулгачихаж болохгүй. Нэрлэсэн үнэд нөлөөлөх гол хүчин зүйл бол зах зээлийн ялгаа.
2022 онд Хятадын барилгын салбарт ялимгүй уналт үүссэнээр цементний гарц 10.5 хувиар унаж 2.13 тэрбум тонн үйлдвэрлэсэн байна. Харин нөгөө талд Монгол улс тус онд 1.7 сая тонн цемент үйлдвэрлэсэн бөгөөд үүнээс илүүг үйлдвэрлэх хангалттай хүчин чадал бий боловч зах зээл жижиг, худалдан авагч цөөн учраас үүнээс илүүг үйлдвэрлэвэл алдагдалтай ажиллах аж.
Уг 1.7 сая тонн цементийг 5 компани хувааж үйлдвэрлэсэн ба жилдээ нэг сая тонн үйлдвэрлэх чадалтай МАК, Монцемент, Хөтөлийн Цемент Шохой гэх гурван үйлдвэрээс гадна баруун бүсийг хангах Ховд Эко Цемент, БНХАУ-н 100 хувь төрийн өмчит Мөнхийн Баян Гал гэх компаниуд зах зээлд өрсөлдөж байна.
Үүн дээр ханшийн зөрүү, хүн амын тоо, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ зэргийг харицуулаад үзвэл дотоодын цементийн үнийг Хятадын зах зээлтэй харьцуулах нь өрөөсгөл ойлголт юм.
Дотоодын цементийг худалдан авах шалтгаан
Дээр дурдсанчлан хоёр улсын бараа бүтээгдэхүүний үнийг шууд харьцуулах нь өрөөсгөл ойлголт. Барилга бүтээн байгуулалтууд хүний амь нас аюулгүй байдалтай шууд холбоотой учраас түүхий эдийн чанар заавал яригдах ёстой. Цементийг хамгийн ихдээ 6 сар хадгалах горимтой бөгөөд үүнээс удаан хадгалсан цементийг чанарын шаардлага хангахгүй гэж үздэг байна.
Харин импортын цемент хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, чанарын хувьд дотоодын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байж чадах уу гэвэл эргэлзээтэй. Эхнээсээ үнийг нь бодоод хэрэглэсэн компаниуд чанарын томоохон асуудалд орж байгаа, бат бэхдээ хүрэхгүй, үүрч байгаа талаар шуум яваад эхэллээ. Манай дотоодын үйлдвэрүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болгондоо чанарын гэрчилгээ дагалдуулж стандард нормыг ягштал мөрддөг.
Импортын цементийн хувьд Монголын хил гааль дээр цементийн чанарыг шалгах хүчин чадал бүхий лаборатори байхгүйгээс болж зөвхөн гарал үүслийн гэрчилгээтэй нэвтрүүлж буй гэх.
Дүгнээд хэлэхэд, манай улс аж үйлдвэржилтийн сэргэлт хийнэ гэсэн том амбицыг шат шатандаа тээж яваа. Засгийн газар “Алсын Хараа-2050” гэх сүржин нэртэй бодлогын хүрээндээ үйлдвэржилт, дотоодын бизнесүүдийг хөгжүүлнэ, цэцэглүүлнэ, бүхий л бодлогоор дэмжинэ гэх атлаа бодит байдал дээр тэдний шийдвэр эсрэг нөлөө үзүүлж байгаад хувийн хэвшлийхэн халаглаж сууна.
Дотоодын цементийн үйлдвэрүүд багаар бодоход 6,000 ажлын байрыг бий болгож нэг үйлдвэр л гэхэд 200 гаруй ханган нийлүүлэгч үндэсний жижиг, дунд үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд татвар төлөлтөөрөө ТОП-100 ААН-д багтах ч үйлдвэрүүд энэ салбарт бий. Эдгээр үйлдвэрүүд төр засгаас мөнгөн дэмжлэг, тендер горьдоогүй.
Тэдэнд зөвхөн төр засгийн гэнэтийн шийдвэрүүд, тарифын дарамт үүсгэхгүй байхад л энэ бүх үйлдвэрлэлийг тойрсон мөнгөний урсгал дотооддоо үлдэж, эдийн засгийн эргэлтэнд ороод явчихна. Өнгөрсөн 30 жилд мартагдаж хоцорсон үйлдвэрлэлийн салбар сэргэлтийн мөчлөг дээрээ яваа энэ цагт хэрсүү байж үндэсний гэх тодотголтой үйлдвэрүүдээ хөл дээр нь босгох нь жинхэнэ “алсын хараа”-тай шийдвэр байх болов уу.