Ж.ЯДАМСҮРЭН: ӨНДИЙН БОСОЖ БАЙГАА ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫГ ЯМАГТ ДЭМЖИЖ АЖИЛЛАХЫГ УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТ УРИАЛЖ БАЙГАА

Ж.ЯДАМСҮРЭН: ӨНДИЙН БОСОЖ БАЙГАА ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫГ ЯМАГТ ДЭМЖИЖ АЖИЛЛАХЫГ УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТ УРИАЛЖ БАЙГАА

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр болсон хүндэтгэлийн чуулганд НИТХ болон Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд оролцлоо.  Хүндэтгэлийн чуулганд анхны Хурал буюу 1992-1996 онд  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Ядамсүрэн, түүний дараагийн аравны эхэнд буюу 2012-2016 онд НИТХ-ын даргаар ажилласан Д.Баттулга нар үг хэлсэн юм.

Одоогоос 30 жилийн өмнө буюу социализмын үеийн 70 жилд төвлөрсөн удирдлагаас шилжиж, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах замаар хэрэгжүүлэх зарчимд шилжсэнийг тухайн үед НИТХ-ын даргаар анх сонгогдон ажилласан Ж.Ядамсүрэн тэмдэглэн хэлэв. "Нийгмийн амьдрал үндсээрээ өөрчлөгдөн, эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр ихээхэн хомсдож, эрүүл мэнд, боловсролын байдал уруудаж, нийгмийн уур амьсгал хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлөхүйц байдал үүссээд байв.  Хүн амын хэрэгцээт хүнсний зүйлээ картаар олгож, хөгжил дэвшлийн тухай ярихаасаа илүү өдөр тутмын амьдралаа хэрхэн яаж авч явахад иргэд бидний тархи толгой зовсон цаг ирсэн юм.  Жишээ дурдвал, 1991 оны тавдугаар сараас нийслэлийн өрхийн нэг хүнд 5 кг гурил, 300 гр цагаан будаа, 500 гр элсэн чихэр, 350 гр цөцгийн тос, хоёр хайрцаг тамхи, өрх бүрд нэг сав ургамлын тос, 5-аас дээш ам бүлтэй нэг өрхөд нэг шил цагаан архи хуваарилж эхэлсэн билээ. Өдөр тутам талхаа картаар олгодог болсон. Энэ байдлыг 1992-1994 онд ерөнхийд нь зогсоож чадсан. 1994-1996 онд эдийн засаг, нийслэлийн нийгмийн амьдрал тогтворжиж эхэлсэн. Энэ үед нийслэлийн иргэд хуулийн дагуу нийслэлд нутгийн өөрөө удирдах шинэ байгууллагыг сонгож байгуулах ажилд идэвхтэй оролцсоныг тэмдэглэх хэрэгтэй. Хүн бүр хямралаас гарах арга замыг эрэлхийлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ахуй амдралаа сэргээх гэсэн орлдлого санаачилга энэ үеэс өрнөж эхэлсэн юм" хэмээн дурслаа.  Тэрбээр "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчид Та бүхэн нийслэлийн Засаг захиргааны удирдлагатай хамтран өнөөгийн нөхцөлд нийслэлийнхээ амьдралыг шинэ өндөрлөгт гаргаж чадсаныг энэхүү индрээс хэлэхэд таатай байна" хэмээн онцлоод зөвхөн ололт амжилтаар зогсохгүй асуудал, хүндрэлээ ярих шаардлагатайг сануулсан юм.  Өнөөгийн нийслэл өөрийгөө авч явах шинэ цагийн хүний нөөцтэй одоогийн нийслэлийн удирдлагын хүчин чармайлтаар өөрийн хөрөнгийн байнгын эх үүсвэртэй болж, орчин үеийн дэлхийн чиг хандлагыг илэрхийлэн хөгжих дижитал хот болж байгаа нь сайн хэрэг ч эдгээр ололт амжилтыг өнөөгийн төр засгийн батлан гаргаж буй холбогдох хууль, зарим шийдвэрээр хумигдаж байгааг хэллээ.Иймд өндийн босож байгаа өөрийн удирдлагын байгууллагыг ямагт дэмжиж, алсыг харсан шийдвэр гаргаж ажиллахыг УИХ, Засгийн газарт хүндэтгэлийн хуралдааны индрээс уриалж байгаагаа илэрхийлэв.

Д.Баттулга: Улаанбаатар хотыг аваад үзвэл төлөөлөгч та бүхний эрх, үйл ажиллагаа бол маш чухал

2012-2016 онд НИТХ-ын даргаар ажилласан Д.Баттулга өөрөө удирдах байгууллагын үүсэл, хөгжлийн түүхийн талаар дурсамжаа ярьж, үг хэлсэн юм.  Тэрбээр "1990 онд ардчилсан хувьсгал өрнөж, хүний эрх, хувийн өмч, ардчиллыг энэ бодлогын тулгын гурван чулуу болгож, Монгол Улс цаашдын хөгжлийн замаа сонгосон.  Энэ үндсэн дээр ардчилсан сонгууль болж, АИХ олон намын тогтолцоотой бүрдсэн. 

АИХ-аас Улсын Бага Хурал сонгогдон ажиллаж, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж эхэлсэн.  Д.Лүндээжанцан ах бид хоёр Бага хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсад 50 гаруйхан хүн төрийнхөө сүлдний өмнө Чингис хааны сургаалийг хэлж тангараг өргөсөн байдаг. Биднээс өмнө хэн ч тангараг өргөж байгаагүй, түүнээс хойш хүн өргөөгүй. Энэ өргөсөн хүмүүс их хувь заяатай бөгөөд хариуцлагатай хрүмүүс юм.  Анхны ардчилсан парламент болсон Улсын Бага Хурал Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулж, хэлэлцүүлж, батлахад гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ хуулиар Монголын төрийн тогтолцоог тогтоосон. Монгол хүн ямар эрхтэй гэдгийг тунхагласан. Дээрээс нь нутгийн удирдлагыг Үндсэн хуулийн нэг бүлэг болгож авч тавьсан нь маш том асуудал байсан.  30 жилийн өмнө ингэж нутгийн өөрөө удирдах ёс хэлбэржжээ. Энэ хугацаанд алдсан, оносон зүйл зөндөө ч оносон нь их байх. 

 Улаанбаатар хотыг аваад үзвэл төлөөлөгч та бүхний эрх, үйл ажиллагаа бол чухал. Долоон буудлын Дулмаад БЗД-т хэрэгжиж байгаа дахин төлөвлөлт хүртээлгүй. Харин бороо ороход хашааных нь урд усыг зайлуулдаг суваг хийхэд иргэн баярлана. Үүнийг л төлөөлөгч  санал гаргаж, хийдэг. Иргэд хүүхдүүд нь ойр сургуульд явах, ядарсан үед очих өрхийн эмнэлэг чухал. Үүнийг төлөөлөгчид та бид хийдэг. Төсвийг  баталж, хэрэгжилтэд хяналт тавьдаг. Тиймээс энэ бол маш том үүрэгтэй, маш том байгууллага шүү" гэдгийг хэллээ.