ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ НИТХ БОЛОН УЛААНБААТАР ХОТЫН ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, БАЯР ХҮРГЭВ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ НИТХ БОЛОН УЛААНБААТАР ХОТЫН ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, БАЯР ХҮРГЭВ

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлснийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уламжиллаа.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу төрийн удирдлагыг нутгийн удирдлагатай хослуулах нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тогтолцооны шинэчлэл хийсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн түүхт ойтой давхцан тохиож буй нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоо бол иргэд төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж ирснийг гэрчлэх түүхэн үйл явдал билээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн бүрэлдэхүүн нутгийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулан нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжлийн бодлого, шийдвэрийг төлөөллийн ардчиллын зарчим, олон ургалч үзлээр шийдвэрлэсээр ирсэн юм. Нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь, худалдаа, үйлчилгээний 86 хувь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 орчим хувийг бий болгож байна. Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд иргэдийн идэвхтэй оролцоог хангаж, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ирээдүйг төлөвлөн, үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна” гэдгийг уламжлаад НИТХ-аас батлагдан гарах шийдвэрүүд Улаанбаатарчуудын санал санаачилга, нийтлэг эрх ашиг төдийгүй нийслэл хотын хөгжлийн төлөвлөгөөнд бүрэн нийцэж, бодитоор хэрэгжих шаардлагатай гэдгийг онцлов. 

Эцэст нь, төлөөллийн ардчиллын сонгодог хэлбэр болох нутгийн удирдлагын шинэ тогтолцоог хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үе үеийн ИТХ-ын төлөөлөгчид, удирдлагууд, НИТХ-ын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийт нийслэлчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэж байгааг Шадар сайд С.Амарсайхан уламжиллаа.