ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛСАН ЦОГЦОЛБОРУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛСАН ЦОГЦОЛБОРУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хэлмэгдэгсдийн өдрийг 1996 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдсэн олон мянган хүний дурсгалыг хүндэтгэх болсон. Харин энэ жил анх удаа улс орон даяар хэлмэгдэгсдийн хойтын буяны төлөө нэгэн зэрэг морин цагт ном хурах ажиллагааг Гандантэгчэнлин төв хийд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хамтран зохион байгуулав.Энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Монголын бүх сүм хийдэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэгэн зэрэг буяны ном хурж байна. Түүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Хамбын овоо, Сонгинохайрхан уулын бэлд байрлах Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан цогцолборуудад хүндэтгэл үзүүлэв.

2021 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 31460 хэлмэгдэгчийг цагаатгаад байгаа бөгөөд үүнээс 897 нь Улаанбаатар хотын харьяат байгаа юм. Цагаатгалын хууль батлагдсанаас хойш 500 мянга болон 1 сая төгрөгийн нөхөн олговрын хүрээнд хэлмэгдэгсдийн ар гэрт нийт 16 тэрбум 585 сая төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна. Нийт 18356 иргэн дээрх нөхөн олговрыг авчээ. Харин хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өөрийн биеэр мэдэрч, бие махбодь, сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр,ы нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна.

 Үүнд 19750 иргэнд 95 тэрбум 485 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 930 иргэн материал бүрдүүлж, сонинд зарлуулан шүүхэд хандсанаас 901 иргэний нөхөх олговор олгох тухай шүүхийн шийдвэр албажиж ирсэн байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссын тогтоолоор тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлдэг. Энэ дагуу улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна.