М.ГОВЬСАЙХАН: ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

М.ГОВЬСАЙХАН: ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Нийслэлээс хэрэгжүүлж байсан түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны гэрээг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Анх буюу 2019 онд нийслэл түрээслээд өмчлөх 972 айлын орон сууцад иргэдийг оруулж байсан. 

Тэгэхдээ нийт байрны 30 хувийг нь түрээслээд өмчлөх, 30 хувийг энгийн түрээс, үлдсэн 40 хувийг газрыг орон сууцаар солих хэлбэрээр иргэдийг хамруулж эхэлсэн. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт ухаа-2” хороололд 290 иргэн 5 жилийн хугацаатайгаар ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааг хүүгүй нөхцөлөөр бүрдүүлэхээр гэрээ байгуулсан. Энгийн түрээсийн 290 иргэн Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 25 дугаар тушаалаар батлагдсан түрээсийн 1мкв талбайг 6000 төгрөгөөр тооцон 3 жилийн хугацаанд түрээслэн амьдарсан. Гэвч гэрээний хугацаа дуусгавар болж, дахин сунгах боломжгүй болсон байна.

 Газрыг орон сууцаар солих арга хэмжээний тухайд 327 орон сууцад иргэдийг оруулсан. Харин чөлөөлөгдсөн газруудад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн үр ашиг гарахад 3-5 жил шаардлагатай байгаа аж. Уг 972 айлын орон сууцаас орсон орлогоор уг барилгыг санхүүжүүлсэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх боломжгүй болсон байна. Тодруулбал, Хөгжлийн энэ асуудлаар Хөгжлийн банкинд 25,3 тэрбум төгрөгийн зээлийн зөрчил үүссэн байна. 

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкинд зээлийн эргэн төлөлтөөр 23,8 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн. Гэвч үндсэн зээлээс 61,1 тэрбум төгрөгийн үлдэгдэл бий аж. Иймд цаашид энгийн түрээсээр амьдарч буй иргэдийн гэрээг шинэчлэн тогтоож, орон сууцны үр ашгийг нэмэгдүүлж, сул орон сууцыг худалдан борлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.