МАН-ын бүлгийн дарга Б.Галцог шүүхээс ял авчээ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 3 Сарын 22

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өнөөдрийн /2019.03.22/ хуралдаанаар хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Галцогийг огцруулж шийдвэрлэжээ.

Б.Галцог нь 2018 оны 9 есдүгээр сарын 4-ны өдөр иргэн Ц-гийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэмт хэргийг өдүүлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгүүлжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13-р зүйлийн 13.1.4 дэх хэсэгт иргэдийн хурлын төлөөлөгч нь “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” тохиолдолд “Хурлын төлөөлөгчөөс огцруулах” эрх хэмжээг тухайн шатны иргэдийн хуралд олгосны дагуу  хуралдаан 53.6 хувийн ирцтэй хуралдаж 100 хувийн саналаар огцрууллаа. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хуралд  МАН ийнхүү 18-н суудал бүхий төлөөлөлтэй боллоо.