“Номин констракшн”-ынхан ногоон байгууламж руу халдахыг завджээ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2019 Оны 5 Сарын 27

Хан-Уул дүүргийн I хорооны нутаг, 120 мянгатын автобусны буудал орчмын ногоон байгууламжийг устгаж, барилга барихаар “Номин констракшн” компанийнхан халдаж, тухайн орчимд оршин суудаг иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Тус компанийнхан тэнд 16 давхар, үйлчилгээний төвтэй орон сууц барихаар зөвшөөрөл авчихаад байгаа бөгөөд 120 мянгатын автобусны буудлын баруун, 15, 16, 17 дугаар байрны зүүн урд талд барилгын ажлаа эхлүүлэхээр очсон аж. 

Нийслэлд цөөхөн үлдсэн ногоон байгууламжийн нэгийг устгуулахгүйн тулд иргэд хүйтэн, бороо, цас орохыг үл тоон майхан барин сууж, тухайн цэцэрлэгийг хамгаалж буй юм билээ. Улмаар нийслэл, дүүргийн Засаг дарга, Газрын албаны удирдлагад “Номин констракшн” компанид олгосон барилгын зөвшөөрлийг хүчингүй болгохыг шаардсан бичиг хүргүүлж, иргэд, оршин суугчдаас өнгөрсөн өдрүүдэд гарын үсэг цуглуулж байв. 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан иргэдтэйгээ санал нэгтэй буйгаа илэрхийлж, нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хандан “Номин констракшн” компанид 2194 ам метр талбай бүхий үйлчилгээний төвтэй орон сууц барих зориулалтаар олгосон зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт хүргүүлсэн байна. 

“Номин констракшн” компанийнхны барилга барихаар болоод буй уг газар нь 2016 онд тохижуулсан, амьтдын баримал бүхий 2.2 га талбайтай “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн урдхан талд байрладаг юм байна. Тэнд 2011 онд барилга барих газар олгож, тухайн орчмын оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан билээ.

Г.Равжаа

Эх сурвалж: unuudur.mn